Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 64 жилийн ойн тохиож байна


Densmaa 2025-10-27 10:10

НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч ноён Яап Bан Хиердэн: Ирэх 10 жилд НҮБ, Монгол Улстай тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана.

Асуулт: Энэ жил Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар энэ ойг хэрхэн тэмдэглэж байна вэ? Мөн өнгөрсөн 80 жилийн хугацаанд дэлхийн болон Монголын хувьд гарсан хамгийн чухал сургамжууд юу гэж та харж байна вэ?

Яап Bан Хиердэн: Өнөөдрийн Нэгдсэн Үндэстний Байгууллагыг харахад, хүмүүс “НҮБ зорилгодоо нийцэж байна уу?”, “Өөрийн хийж буй чухал ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах их хэмжээний нөөц, хөрөнгийг үнэхээр зөв ашиглаж чадаж байна уу?” гэх мэтээр асууж байна.

9 дүгээр сарын сүүлчээр бид Ерөнхий Ассамблейгаа хийсэн. Энэ удаагийн Ассамблей “Хамтдаа илүү сайн байя" (Better Together) гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болсон. Өөрөөр хэлбэл дэлхий даяар байгаа сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа шийдвэрлэхийн чухлыг онцолсон юм. Зэвсэгт мөргөлдөөн, дүрвэгсэд, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хэт хурдан хөгжил, хиймэл оюун ухаан, цахим аюулгүй байдал, хүүхдүүдийн ирээдүй зэрэг олон сорилт тулгарч байна. Бидэнд хийх ажил маш их байна.

НҮБ анх дайны дараа байгуулагдахдаа энх тайван, хөгжил, хүний эрхийг дэмжих зорилготой байсан. Энэ зорилго өчигдөрт хамаатай байсан, өнөөдөр ч, маргааш ч хамаатай хэвээр байна.

Монголд ажиллаж байгаадаа бид баяртай байдаг. Монгол Улс бол НҮБ-ын хүчтэй дэмжигч орон юм. Танай улсын ерөнхийлөгч Ерөнхий Ассамблейн үеэр үг хэлэхдээ “Pax Mongolica” (Монголын энх тайван) болон “Pax Globalica” (Дэлхийн энх тайван байдал)-ийн тухай дурдсан нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Энх тайван, тогтвортой байдал хүн бүрийн амьдралыг сайжруулахад чухал гэдгийг энэ үгээрээ илэрхийлсэн. Энх тайван байдал нь бизнесийн хөгжилд ч сайн, хүн бүрт ашигтай. Тиймээс Монголд бид НҮБ-ын өдрийг “НҮБ-ын долоо хоног” болгон тэмдэглэж байна. Бүх түнш, байгууллага, хамтран ажиллагчидтайгаа хамт НҮБ-ыг хэрхэн харж байгаа, цаашид хэрхэн илүү уян хатан, илүү нөлөөтэй, илүү үр дүнтэй болгож болох талаар ярилцаж байна. Энэ хүрээнд бид энх тайван ба аюулгүй байдал, хөгжил, хүний эрх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна.

Асуулт: НҮБ, Монгол Улстай 60 гаруй жил хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж ирсэн гэж та хэлэх вэ? Мөн Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтуудыг дэмжихэд НҮБ-ын өнөөгийн тэргүүлэх чиглэл юу вэ?

Яап Bан Хиердэн: Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болсон. Эхний 30 орчим жилд НҮБ ихэвчлэн техникийн туслалцаа үзүүлдэг байсан. Жишээ нь, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж байлаа. Харин 1989–1990 оны үеэс Монголын ард түмэн ардчиллыг хүссэн. Гэвч ардчилалд шилжинэ гэдэг амар зүйл биш. Тиймээс тэр үед бид Монголын төрийн удирдлага, ард иргэдтэй нягт хамтран ажиллаж, зөвлөгөө өгөх, чиглүүлэх, дэмжих байдлаар ардчилсан шилжилтэд тусалсан юм. Би бодохдоо энэ бүхэн бид бүгдийн хувьд бахархах амжилт байсан гэж хэлмээр байна. Учир нь Монгол Улс тэр хүнд үеийг давж, улам хүчирхэг болсон. Тухайн үед Монгол Улс Хүний эрхийн комисс, Авлигын эсрэг бие даасан байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг маш чухал байгууллагуудыг байгуулсан. Харин сүүлийн жилүүдийг харвал, өнгөрсөн жил хийсэн Улсын Их Хурлын шинэчлэл маш чухал үйл явдал байлаа. Монгол Улс 30 хувийн жендэрийн квот тогтоосон бөгөөд НҮБ болон түнш байгууллагууд энэ ажилд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлсэн. Үүнээс гадна зөвхөн квот тогтоох төдий биш, УИХ-ын гишүүдийн 32 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэх болсон нь бодит амжилт юм. Түүнчлэн УИХ-ын хоёр гишүүн - нэг эрэгтэй, нэг эмэгтэй гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон сонсогдон ажиллаж байгаа нь үнэхээр бахархалтай. Энэ бүхэн Монгол Улс хүний эрх, жендэрийн тэгш байдалд тууштай анхаарч байгаагийн илэрхийлэл юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүч чадлыг тэгш, бүрэн ашиглаж байж бид нийгмээ хөгжүүлэх боломжтой гэдгийг Монгол Улс ойлгож байна.

Асуулт: 2030 он дөхөж байгаа энэ үед Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтын хэрэгжилтийн түвшин ямар байна вэ? Илүү анхаарал, хөрөнгө шаардлагатай салбарууд юу байна вэ?

Яап Bан Хиердэн: Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг ажил хэрэг болгох тал дээр нэлээд сайн явж байна. Мэдээж дэлхийн олон орнуудын адил зарим зорилт дээр хоцрогдол бий. Дэлхий даяар уг зорилтын ердөө 17 хувь нь л бүрэн хэрэгжсэн гэдгийг нэгэнтээ уншиж байсан, энэ бол тааруухан үзүүлэлт. Харин Монгол Улсын хувьд 60 гаруй хувьд хүрсэн гэх тоо бий. Энэ нь бүрэн баталгаатай статистик эсэхийг мэдэхгүй ч, Монгол Улс дундаж түвшнээс илүү сайн ахицтай явж байгаа нь тодорхой. Монгол Улсын илүү сайн байгаагийн нэг шалтгаан нь удирдлагын түвшнээс эхлээд энгийн иргэд хүртэл эдгээр зорилтыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлдэгт оршиж байна. Танай “Алсын хараа 2050” бодлого НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-тэй нягт уялдаатай юм. Та бүхэн “хэнийг ч орхихгүй хөгжлийн төлөө” илүү сайн ирээдүйг бүтээхийн төлөө ажиллаж байна.

Асуулт: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, агаарын бохирдол зэрэг нь Монголын тулгамдсан асуудлуудын нэг. Энэ чиглэлд НҮБ ямар хөтөлбөр, санаачилгуудыг дэмжиж ажиллаж байна вэ?

Яап Bан Хиердэн: Таны өмнөх асуулттай холбоотойгоор хэлэхэд, НҮБ-ын хувьд бид цаашид Монголд ямар үүрэгтэй ажиллах вэ гэдгийг тодорхой харж байгаа. Монгол Улс дунд орлоготой улс хэдий ч, иргэдийн 25 гаруй хувь нь олон талын ядууралд өртсөн хэвээр байна. Улаанбаатар хотод л гэхэд хүн амын тал нь буюу түүнээс дээш хувь нь гэр хороололд амьдарч, төвийн халаалтгүй тул нүүрс түлж, үүнээс болж агаарын бохирдол маш ноцтой хэмжээнд хүрсэн. Энэ нь зөвхөн нийслэлд төдийгүй аймгийн төвүүдэд ч ажиглагдаж байна. Агаарын бохирдол нь эрүүл мэндэд маш аюултай, ялангуяа хүүхдүүд, ахмад насныхан хамгийн их өртдөг. Тиймээс бидний хувьд нүүрс болон бусад шатамхай түлшнээс татгалзаж, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний шийдэлд шилжих нь зайлшгүй чухал. Энэ нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төдийгүй, эрүүл амьдрахад таатай орчныг бий болгох ач холбогдолтой. НҮБ зүгээс одоогоор Засгийн газар болон бусад түнш байгууллагуудтай хамтран сэргээгдэх эрчим хүчний туршилтын төслүүдийг хэрэгжүүлж байна. Жишээ нь гэр хороололд гэрийн хажууд нарны хавтан суурилуулж, ухаалаг тоолуураар эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн хэмнэлтийг хэмждэг систем туршиж байна. Энэ систем нь байгальд ээлтэй шийдэл болж байна.

COP17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал ирэх оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдана. Энэ арга хэмжээнд 7,000 орчим төлөөлөгч ирэх төлөвтэй байна. Төрийн тэргүүнүүд, эрдэмтэн судлаачид, байгаль орчны мэргэжилтнүүд гээд 196 орны төлөөлөгчид оролцоно. Энэ нь Монгол Улсыг байгаль орчны салбар дахь тэргүүлэгч орон болох томоохон боломж юм.

Мөн ирэх жилийг “Бэлчээр нутгийн ба нүүдэлчин малчдын олон улсын жил” болгон зарлаж байгаа тул Монголын нүүдэлчдийн олон мянган жилийн уламжлал дэлхий дахинд чухал байр суурь эзэлнэ. Монгол Улс олон мянган жилийн турш нүүдлийн буюу мал аж ахуйн уламжлалтай байсаар ирсэн. Тиймээс энэ чиглэлээр дэлхий нийтэд хуваалцах олон туршлага, сургамж бий. Түүнчлэн COP17 хурлыг зохион байгуулах, тэргүүлэх үүрэг гүйцэтгэх нь Монгол Улсыг дэлхийд энэ салбарын манлайлагч улс болгон харагдуулах сайхан боломж юм. Гэхдээ тэр манлайлал зүгээр нэг ирэхгүй — ирэх нэг жилийн хугацаанд ихээхэн ажил хийх шаардлагатай. Энэ нь зөвхөн арга хэмжээнд бэлдэх бус, бодитоор бэлчээрийн даац, нөхцөл байдлаа сайжруулах шаардлага тавигдана. Өнөөдрийн байдлаар Монголын бэлчээр дээд тал нь 25 сая толгой малын даацтай. Харин бодит байдал дээр хэдэн малтай билээ гэвэл энэ тооноос хавьгүй илүү байгаа нь тодорхой. Энэ бол томоохон сорилт. Монголын удирдлагууд үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Малчид ч мөн адил мэдэрч байна. Өнгөрсөн жил Дундговь аймагт залуу малчидтай хамтарсан арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тэнд оролцсон хүн бүр энэ асуудлыг ойлгож байлаа. Одоо хийх ёстой зүйл бол малчдын амьжиргааг сайжруулахын зэрэгцээ малын тоог багасгах гарцыг олох явдал юм. Үүний тулд нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Жишээ нь, ноос, ноолуурыг илүү чанартайгаар боловсруулж, нэмүү өртөг шингээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эсвэл өөр орлогын эх үүсвэр олох гэх мэт.

Мөн Монголд явагдаж буй дижитал шилжилт, “e-Mongolia” зэрэг үйлчилгээнүүд алслагдсан иргэдэд хүрэх, мэдээлэл дамжуулах чухал хэрэгсэл болж байна. Интернет зөвхөн мэдээлэл авах бус — малчдад мал аж ахуйн арга барилаа сайжруулах, бэлчээрээ зөв ашиглах, улирлын дагуу сэлгэн нүүдэл хийхэд туслах боломжтой. Үүнээс гадна залуус интернэт ашиглан код бичих, онлайнаар ажил хийх гэх мэт дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ ажлын боломжуудыг ч олж авч чадна.

Асуулт: Монгол Улс маш идэвхтэй, залуу хүн амтай улс. Тэгвэл НҮБ-ын зүгээс залуус, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийн иргэдийг улс орны хөгжлийн үйл явцад оролцуулахад тэгш оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх тал дээр хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

Яап Bан Хиердэн: Бид энэ жил НҮБ-ын Нэгтгэсэн Хөгжлийн санаачилгын (UNAD initiative) талаар их ярьж байгаа. Гэхдээ НҮБ өнгөрсөн 80 жилийн хугацаанд байнга шинэчлэгдэж ирсэн. НҮБ хэзээ ч нэг хэвийн, өөрчлөгдөхгүй байсан үе байхгүй. Сүүлийн хэдэн жилд гэхэд, жишээлбэл 2023 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын дээд хэмжээний уулзалт (SDG Summit)” болсон. Яагаад 2023 онд болсон бэ гэхээр — бид цар тахлын дараа (COVID-19) дахин сэргэж байх үедээ, Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхээс нэлээд хоцорсныг ойлгосон. Тиймээс урагшлуулах шаардлагатай болж, “хурдатгал үзүүлэх 6 чиглэл”-ийг тодорхойлсон юм. Дараа жил нь буюу 2024 онд “Ирээдүйн гэрээ” (Pact for the Future) батлагдсан. Энэ нь НҮБ ирээдүйн хэрэгцээнд тохирох байгууллага байхын төлөө боловсруулагдсан баримт бичиг юм. Тус гэрээ хоёр хавсралттай: 

“Даяан дэлхийн гэрээ" (Global Digital Compact) — дэлхийн хэмжээнд дижитал орчныг аюулгүй, хүртээмжтэй болгох тухай; 

“Ирээдүй хойч үеийн тунхаглал (Declaration for Future Generations)” — ирээдүй хойч үеийнхэнд зориулсан амлалт юм.

Эдгээр баримт бичгүүдэд дэлхийн удирдагчид “Залуусыг шийдвэр гаргах түвшинд оролцуулах хэрэгтэй, тэд бидэнтэй ижил ширээнд суух ёстой” гэж мэдэгдсэн. Үүний дагуу НҮБ “Залуучуудын элч төлөөлөгч” хэмээх шинэ албан тушаалыг бий болгосон. Энэ нь НҮБ зөвхөн ярих биш, залуу үеийг бодитоор оролцуулах бодит алхам хийж байгаагийн илрэл бөгөөд одоо 3  орчин насны залуу уг албанд ажиллаж байна.

Хүйсийн тэгш байдлын хувьд Монголын нөхцөл байдал бусад орноос өөр. Зарим оронд жендэрийн ялгаа боловсролын түвшинд илэрдэг бол Монголд эсрэгээрээ — эмэгтэйчүүд, охидын боловсролын түвшин эрэгтэйчүүдээс өндөр байдаг. Харин тэд боловсрол эзэмшсэн ч мэргэжлээрээ ажиллах боломж хязгаартай, улмаар албан бус салбарт ажиллах нь түгээмэл. Иймээс бид эмэгтэйчүүдийг бизнес эрхлэх, манлайллын ур чадвараа хөгжүүлэхэд дэмжиж байна. Жишээ нь, НҮБ-ын дэмжлэгтэй “Seed Trade Network” хөтөлбөрт 50 эмэгтэй удирдагч (СЕО) оролцож, ур чадвар болон санхүүжилт авах боломжийг авч байна. Энэ нь заавал том бизнес байх албагүй — жижиг, гарааны бизнес ч байж болно.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд Монгол Улсад парламентдаа хоёр хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй байгаа нь сайн жишээ юм. Би тэдний нэгтэй саяхан уулзсан, маш урам зоригтой, ирээдүйд итгэлтэй хүн байсан. Өнөө үеийн технологийн эринд биеийн хөгжлийн бэрхшээл нь хүнийг хязгаарлах шалтгаан биш. Бид бүгд хамтдаа илүү хүртээмжтэй, илүү сайн ирээдүйг бүтээж чадна.

Асуулт: НҮБ 80 жилийн ойгоо тэмдэглэж, дараагийн шинэ 10 жилийн үе шатандаа орж байна. Та ирэх арван жилд Монгол Улсад НҮБ-ын үүрэг оролцоо ямар байх ёстой гэж үзэж байна вэ?

Яап Bан Хиердэн: Би дээр товч дурдсан. Гэхдээ илүү тодорхой хэлэхэд, гадаад талаас нь харахад Монгол Улс дөнгөж дунд орлоготой орны ангилалд багтаж байна. Гэвч энэ нь онцгой тохиолдол юм. Учир нь танай нийт хүн амын 25 гаруй хувь нь амьдралын олон талын дутагдалтай байдалд амьдарч байна. Монгол Улс уул уурхайн баялаг ихтэй орны хувьд, эдгээр баялаг цөөн хүний гарт төвлөрөх эрсдэлтэй. Хэрвээ баялаг цөөнхийн гарт хэт төвлөрвөл, энэ нь нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл нийгмийн дундаж давхаргыг, улс орны тулгуур болгож, хүчирхэг дундаж давхаргыг бүрдүүлж чадахгүй. Тиймээс Монгол Улсын энэ асар их байгалийн баялаг нийт ард иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилагдах нь туйлын чухал юм.

Аз болоход, өнөөдөр Монголын удирдагчид үүнийг сайн ойлгож байгаа нь сайшаалтай. Тэд үүнийг ухамсарлаж, уул уурхайн орлогоос бий болох боломжийг хүн бүр хүртэх Баялагийн сан (Sovereign Wealth Fund) байгуулахад хүчин чармайлт гаргаж байна. Гэхдээ зөвхөн уул уурхайгаас хамаарах нь хангалтгүй — хүмүүст ажил, амьжиргаа хэрэгтэй. Тиймээс бид уул уурхайгаас гадна бусад салбаруудыг хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай. Тухайлбал, хөдөө аж ахуйд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгох, мөн дижитал салбар руу анхаарлаа хандуулах боломж бий. Монголын залуусыг кибер аюулгүй байдал, программчлал, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлд сургаж, ирээдүйд тэргүүлэгч болгох бүрэн боломжтой.

Өнөөдөр Монгол Улсад маш их боломж, нөөц байна. Ирэх 10 жилд бид хамтдаа ажиллаж, тэгш бус байдлыг бууруулах, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь хамгийн чухал зорилго юм. Тэгш бус байдал бол бидний хийж буй бүх зүйлд нөлөөлдөг — мал аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, технологийн хүртээмж гээд бүх түвшинд. Жишээ нь, дижитал технологийг ашигласнаар Монголын хамгийн алслагдсан бүс нутагт ч эрүүл мэндийн оношилгоо хийх боломж бүрдэнэ.

НҮБ-ын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэг нь заавал том төслүүд хэрэгжүүлэх гэсэн үг биш. Харин олон улсын шилдэг туршлагыг Монголын удирдлагад хүргэх, бодлогын түвшинд зөвлөх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх тухай юм. Монгол Улсад маш сайн боловсролтой, мэдлэгтэй хүний нөөц бий — тиймээс гадаад мэргэжилтнүүдээр ажлаа хийлгэх шаардлагагүй, харин үндэсний мэргэжилтнүүд НҮБ-ын багт ч, төр болон хөгжлийн түнш байгууллагуудын дунд ч чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ хандлага аль хэдийн хэрэгжиж эхэлсэн бөгөөд цаашдаа НҮБ-ын зүгээс илүү ихээр бодлого боловсруулах ба чадавхийг дэмжих түвшинд төвлөрөн ажиллах болно.

Баярлалаа. 

 

Үзсэн: 1978

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна