Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа
Оргил ачааллын үе буюу 12 дугаар сараас өмнө хүүхдийн тасгийн ачааллыг бууруулах бодлого, зохицуулалт хийх, өвчлөл дэгдээгүй орон нутгаас эмч нар дайчлан ажиллуулах чиглэл өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллалаа. Хүйтний улирал ирж буйтай холбоотой ханиад томуу нэмэгдэж байгаа юм. Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтай ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн. Томуугийн дэгдэлтийн үе тул нэг ээлжид 14 эмчийг хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллуулж байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл их байгааг иргэд хэлж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар оргил ачааллын үе буюу 12 дугаар сараас өмнө хүүхдийн тасгийн ачааллыг бууруулах бодлого, зохицуулалт хийх, өвчлөл дэгдээгүй орон нутгаас эмч нар дайчлан ажиллуулах чиглэл өглөө. Мөн амбулаторийн цагийг сунгаж ажиллуулах, резидент эмч нарыг ачаалал их тасгуудад ажиллуулах зэргээр нөхцөл байдалдаа тохируулж уян хатан зохицуулалт хийхийг санууллаа.
Үзсэн: 5908
Tweet