“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн тайлан
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаныхан өнгөрсөн гурван жилд хил дээр 14,163 зорчигчид мэдээлэл өгч, 276 тохиолдлыг эрсдэлтэй байж болзошгүй хэмээн ажиглаж, аяллаа зогсоохыг ятгажээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаныхан өнгөрсөн гурван жилд хил дээр 14,163 зорчигчид мэдээлэл өгч, 276 тохиолдлыг эрсдэлтэй байж болзошгүй хэмээн ажиглаж, аяллаа зогсоохыг ятгажээ. Энэ нь урьдчилан сэргийлэх, хамгаалах системийн үр нөлөө гэдгийг “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн тайлангийн хурлын үеэр онцолсныг мэдээлэв. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан дээрх төслийн үр дүнтэй танилцаж, цаашдын чиглэл, бодлогын уялдааг тодорхойлох тус хуралд Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах мэдээлэл солилцоог шуурхай, уялдаа холбоотой болгосноор хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ гэлээ. Мөн манай улсын хилийн боомтуудад хүүхэд нэвтрүүлэх журмын хэрэгжилт ямар байгаа болон тулгамдсан сорилт, сайжруулах боломжийг хэлэлцэн, хамгаалалтыг бодитоор сайжруулах тухай санал солилцлоо. Тухайлбал, Замын-Үүд, Алтанбулаг, “Чингис хаан” олон улсын нисэх буудал зэрэг боомтод ажиглалт хамгааллыг дээшлүүлж байгаа ч салбар хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай. Хүн худалдаалах эрсдэлтэй тохиолдлыг илрүүлэх, мэдээлэл солилцох үйл явц илүү нягт, шуурхай байх ёстой. Тиймээс байгууллагуудын зохицуулалтыг тодорхой болгож, нэг журамтай ажиллах нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгджээ.
Үзсэн: 2156
Tweet