“Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд Монголын цанын гурван тамирчин оролцоно
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам Италийн “Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарыг хүлээн авч уулзлаа.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Италийн “Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарыг хүлээн авч уулзлаа. ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам Монгол Улсаас тус наадамд оролцох баг тамирчдад баяр хүргэн, Монгол тамирчин уулын цанын төрлөөр анх удаагаа өвлийн олимпод оролцох болсонд талархал илэрхийлэв. Гүйлтийн цанын төрөлд манай улсаас Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрөлд А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцох эрхээ ханган, биелүүлсэн юм. Сүүлийн 5 удаагийн өвлийн олимпод Монгол Улсаас хоёр тамирчин оролцож ирсэн бол энэ удаа гурван тамирчин оролцох болмзлоо хангасан байна. Сайд Ч.Ундрам өвлийн улирал урт үргэлжилдэг Монгол орны хувьд цана, тэшүүр, хоккей зэрэг спортын төрдийг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатайг онцолж, удахгүй аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах ССАЖЗЯ-ны гэрээнд өвлийн спортын тэмцээн зохион байгуулж, зам, талбай, хэрэглэл, материал, багшлах боловсон хүчинтэй болоход анхаарах, дэмжих заалтыг тусгахаар болсныг уулзалтын үеэр онцоллоо. Монголын баг тамирчдыг Италийн “Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд үдэн гаргах ёслолыг 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Үндэсний Олимпын Хорооны ёслолын танхимд хийх бөгөөд цанын баг тамирчид нэгдүгээр сарын 14-нөөс Европ тивийг зорин, дэлхийн цомын тэмцээнүүдэд орж, олимпын тэмцээн болох газарт нь байрлан, бэлтгэлээ хангаж, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэлээ хийх юм.
Үзсэн: 8827
Tweet