Дотоод аялагчдын аялж буй давтамж нэмэгджээ
Дотоод аялагчдын аялж буй давтамж нэмэгдсэнийг "Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага, зан төлөвийн судалгаа 2025”-д онцолжээ.
2024 онд дотоод аялагчдын аялж буй давтамжаас харахад дийлэнх нь буюу 75 орчим хувь нь жилд нэг удаа аялсан бол 2025 онд аялагчдын эх орондоо аялах давтамж нэмэгдсэн байна. Судалгаанд хамрагдсан нийт дотоодын аялагчдын 27.6 хувь нь 6-8 хоног, 25.2 хувь нь 3-5 хоног аялдаг гэж хариулжээ. Аялагчдын талаас илүү хувь нь 3-8 хоногийн дундаж хугацаатай аяллыг илүүд үзсэн байна. Дотоодод аялахад тулгамдаж буй хамгийн бэрхшээлтэй зүйл нь хог хаягдал болон дэд бүтэц замын нөхцөл байдал гэж судалгаанд хамрагсад хариулжээ. Мөн байр сууц үнэтэй байгааг онцолсон байна. Дотооддоо аялж буй монголчуудын дийлэнх нь нэг удаагийн аялалдаа 1.5-2 сая төгрөг зарцуулж байгааг "Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага, зан төлөвийн судалгаа 2025”-д дурджээ. Дотоодын хамгийн их хэрэглэгчтэй веб сайтуудын нэг болох "i-hotel.mn" дээрх мэдээллээс харвал дотоодын жуулчид хамгийн их зорчдог Хөвсгөлд гэр буудалд нэг өдөр байрлах үнэ 100 мянган төгрөгөөс 1.4 сая төгрөг хүртэл үнэтэй. Харин дундаж үнэ 150-350 мянган төгрөг байгаа аж. Мөн хамгийн ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг боловсон бие засах газрын хүртээмж, үйлчилгээний байгууллагуудын стандарт гэж үзэж байгаагаа тодотгожээ. Бүсчлэн харвал аялагчид хамгийн олноор зорьсон аймгууд нь Өвөрхангай, Булган, Архангай, Завхан, Хөвсгөл аймаг байна. Эдгээр бүс нутгийн аяллын маршрут нь байгалийн үзэмж, соёлын дурсгалт газар, амралт, аялал жуулчлалын дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн тул аяллын маршрутад илүүтэй багтжээ.
Үзсэн: 8834
Tweet