Хэйболын дэлхийн аварга боллоо
Эрэгтэйчүүдийн ангилалд 28 орны 84 тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа Брисбенд эгшиглүүлэв
Австралийн Брисбен хотод хятад пүүл бильярд буюу Хэйболын багийн дэлхийн цомын анхдугаар тэмцээн болж, манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг өрсөлдлөө. Нийт 865200 ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 32 шилдэг баг оролцож, эрэгтэйчүүдийн ангилалд 28 орны 84 тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа Брисбенд эгшиглүүлэв. Багийн бүрэлдэхүүнд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц багтсан байна. Багийн анхлагч Э.Тэмүүжиний хувьд хэйболын спортоор ААШТ-д түрүүлсэн анхны тамирчин юм. Тэрбээр 2016, 2017 онд америк пүүл бильярдын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дараалан мөнгөн медаль хүртэж байлаа. Тус тэмцээний мөнгөн медалийг Солонгос, хүрэл медалийг Хятад, Сингапурын баг авчээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 26 орны 78 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчид хэсгээ тэргүүлж, улмаар V байрт шалгарсан байна.
Үзсэн: 2919
Tweet