Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийлээ
Энэхүү эмчилгээг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Туркийн “Медикал Парк” эмнэлэг, ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлжээ
Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээлээ. Энэхүү эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг Н.Оюундэлгэр ахлагчтайгаар санаачлан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Туркийн “Медикал Парк” эмнэлэг, ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлжээ. УНТЭ-ийнхэн өмнө нь цусны хавдартай 36 хүнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн туршлагатай юм. Эмчилгээний явцад Хүүхдийн цус, хавдрын тасгийн эмч нар оролцож, Туркийн эмч, мэргэжилтнүүд арга зүй, мэргэжлийн зөвлөгөөг өгсөн байна. Эмчилгээ хийлгэсэн 15 настай Мичидмаа охин нь таван настайдаа цусны хавдраар оношлогдож есөн жилийн турш эмчилгээ хийлгэн, өвчин нь удаа дараа сэдэрч байсан бөгөөд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа бие нь сайжирчээ. Сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол нэмэгдэх болсон бөгөөд жилд 150-200 тохиолдол, үүнээс хүүхдийн цусны хорт хавдрын 50-60 орчим тохиолдол оношлогдож байна. Цусны хавдрын үед үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад 350-500 сая төгрөгөөр хийдэг. Харин Монгол Улсад амжилттай хийж эхэлснээр иргэдийн гадаад руу урсах зардлыг бууруулах, эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах бодит боломж бүрджээ.
Үзсэн: 6924
Tweet