“Милан-Кортина 2026” тамирчдын хувцсыг “Гоёл Кашмер” урлажээ
Зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээснийг онцлов
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг албан ёсоор танилцууллаа. Тамирчдын хувцсыг “Гоёл Кашмер” ХХК-ийн загвар зохион бүтээгчид, оёдолчид урлажээ. Тэд уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, аугаа их түүх, өв соёлын салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг зорьсон гэв. XIII-XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг үндэс болгон бүтээсэн энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан байна. Зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээснийг онцлов. Нүүдэлчин ард түмний хатуу өвлийг даван туулахад түшиг болж ирсэн монгол ноолуураар уламжлалт түүх соёлыг хадгалсан ёслолын дээл болон барууны соёлд түгэн дэлгэрсэн уулын цанын ноосон цамцнаас сэдэвлэж, монгол гэр, ахуйн дүрслэлээр баяжуулсан ноолууран сүлжмэл чөлөөт хослолуудыг дээд зэргийн чанараар урласан байна.
Үзсэн: 2527
Tweet