Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 77 жилийн ойг тэмдэглэлээ
Улаанбаатар дахь БНЭУ-ын Элчин сайдын яам Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 77 жилийн ойг тэмдэглэлээ.
77 жилийн ойг тэмдэглэх хүндэтгэлийн хүлээн авалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй албаны хүмүүс, Улаанбаатар хот дахь гадаад улсуудын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд хүндэт зочноор оролцлоо.
БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Атул Малхари Готсурве хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ:
"Энэтхэг Улс 1.4 тэрбум хүн амтай дэлхийн хамгийн том ардчилсан улс бөгөөд албан ёсны 22 хэлтэй, 28 мужтай, муж бүр өөрийн үндэстний хувцас, уламжлал, соёлтой. Энэтхэг бол Хинду, Христийн шашин, Ислам, Буддизм, Сикхизм, Жайнизм, Иудаизм, Зороастризм гэх мэт өөр өөр шашин шүтдэг олон үндэстнүүдийг нэгтгэсэн үндэстэн юм. Доктор Бабасахиб Амбедкарын удирдлага дор боловсруулсан Энэтхэгийн Үндсэн хуулийн ачаар хөгжил дэвшил, эв нэгдэл бий болсон.
Дэлхийн өнцөг бүрд ажиллаж, амьдарч буй 30 орчим сая Энэтхэг иргэд эх орон руугаа жил бүр 125 тэрбум ам.доллартой тэнцэхүйц мөнгөн гуйвуулга хийж байна. Тэд бол Энэтхэгийн элч төлөөлөгч нар юм. Энэтхэг улс инженерчлэл, сансар судлал, мэдээллийн технологи, хиймэл оюун, үйлдвэрлэл, эм зүй, боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц, ногоон эрчим хүч гэх мэт олон салбарт гайхалтай ахиц гаргаж байна.
Энэтхэг, Монгол хоёр Буддын шашнаар холбогдсон өнө эртний соёл иргэншлийн хэлхээ холбоотой Стратегийн түншүүд ба оюун санааны ахан дүүс билээ. Түүхийг сөхөн харвал Энэтхэг, Монгол хоёр эрт дээр үеэс Бурханы шашны нийтлэг өв уламжлалаар дамжуулан харилцаж ирсэн. Энэтхэг Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд, XIX Кушок Бакула Ринбүчи Монголд 10 жил (1990-2000) ажиллах хугацаандаа 100 гаруй Буддын шашны хийдийг сэргээж, Улаанбаатар хотод Бэтүб хийдийг байгуулж Энэтхэгтэй Бурханы шашны холбоог бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан юм.
1961 онд Энэтхэгийн Ерөнхий Сайд Жавахарлал Неру мэдэгдэл хийж Энэтхэг улс Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхийг дэмжсэнд Монголын ард түмэн талархдаг. 1991 онд Энэтхэг улс Монгол Улсыг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд (NAM) гишүүнээр элсэхийг дэмжсэн. Манай хоёр улс олон улсын тавцан дээр харилцан дэмжсээр ирсэн. Монгол улс Энэтхэг улсыг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд байнгын суудал авахад дэмжсэн билээ.
Манай хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг 1994 онд үзэглэсэн, мөн Төрийн болон Засгийн газрын тэргүүнүүдийн түвшинд хэд хэдэн удаагийн өндөр дээд түвшний айлчлал хийсэн нь хоёр талт харилцааны бат бөх суурийг тавьсан юм. Ерөнхий сайд ноён Нарендра Модигийн 2015 онд хийсэн түүхэн айлчлалын үеэр бидний нөхөрлөл Стратегийн түншлэлийн түвшинд гарсан билээ.
Энэтхэг, Монголын найрсаг харилцаа олон салбарт өргөжин тэлж байна. Үүнд: улс төр, олон талт харилцаа, батлан хамгаалах, шинжлэх ухаан, технологи, боловсрол, хөдөө аж ахуй, хөгжлийн түншлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, соёл, йог, випассана, Буддын шашин гэх мэт.
Манай хоёр улсын хооронд худалдаа, арилжаа нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. Гималая, Парле, Роял Энфилд зэрэг Энэтхэг компаниудын бүтээгдэхүүн болон зарим эмийн бүтээгдэхүүн Монголын зах зээлд борлуулагдаж байна. Хоёр орны худалдааны эргэлт 2023 онд 65.43 сая ам.доллар байсан бол 2024 онд 110.88 сая ам.доллар болж өссөн. Гэсэн хэдий ч бидэнд илүү их боломж байгаа бөгөөд бид үүнийг цаашид өргөжүүлэн тэлэх болно. Мөн Энэтхэгийн хэд хэдэн компани Монголоос коксжих нүүрс, зэс, алт авах сонирхлоо илэрхийлээд байна.
2025 он Энэтхэг, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиосон ба дипломат харилцааны онцгой үйл явдлуудаар дүүрэн жил байлаа. Мөн Стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ой давхацсан жил байв. Онцлох үйл явдлуудаас дурдвал, Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны 10-р сарын 13-16-ны хооронд Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал. Айлчлалын үеэр нийт 10 санамж бичигт гарын үсэг зурж, солилцлоо. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан шуудангийн дурсгалын маркийг Энэтхэгийн Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч нар албан ёсоор нээв. Монгол Улс Олон Улсын Нарны Холбоо болон Олон Улсын Том Муурын Холбоонд албан ёсоор элссэн.
Мөн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголын төрийн албан хаагчдад зориулж 70 квот нэмж олгож буйгаа зарласан ба Монгол Улсын иргэдэд бүх төрлийн цахим визийг үнэ төлбөргүй олгоно гэдгээ мэдэгдэв.
Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Элчин сайдын яамнаас хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Үүнд, эртний ховор уран зургийн үзэсгэлэн, сургуулийн хүүхдүүдийн дунд Энэтхэг бүжиг, уран зураг, гар урлал, асуулт хариултын тэмцээнүүд; Монгол болон Энэтхэгийн Үндсэн хуулийн сэдэвтэй бага хурал; Монголын мисс тэмцээнийг ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан; Гадаад Харилцааны яам, Монголын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран "Оюун санааны болон стратегийн түншүүд: Монгол, Энэтхэг - Дипломат харилцааны долоон жил" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал гэх мэт.
Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр талт харилцааны чухал тулгуур багана юм. Жил бүр “Нүүдэлчин Заан” хамтарсан цэргийн сургуулилтыг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Монголд зохион байгуулдаг энхийг сахиулах олон улсын “Хааны Эрэлд” сургуулилтад Энэтхэг улс тогтмол оролцож байна. Монгол Улсын Батлан Хамгаалах яамны Үндэсний Батлан Хамгаалахын Их сургууль дээр байгуулсан Энэтхэг-Монголын кибер аюулгүй байдлын сургалтын төв үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд хоёр Энэтхэг багш Монголын офицеруудыг кибер аюулгүй байдлын чиглэлээр сургаж байна.
Энэтхэг, Монголын хооронд шууд нислэг үйлдэх нь худалдаа, арилжаа, эрүүл мэндийн болон шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай юм. Бид энэхүү шууд агаарын холболтыг бий болгох үүднээс олон хувилбаруудыг судлан ажиллаж байна.
Энэтхэгийн Засгийн газраас олгосон 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Энэтхэг-Монголын найрамдлын тод жишээ юм. Төслийн эхний багц ажил дуусаж, “Монголын Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-д 2024 оны 11-р сард хүлээлгэн өгөөд байна. Бусад багц ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Тус үйлдвэр 2027 оны эцэс -2028 оны эхээр ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, олон шинэ ажлын байр бий болгох юм.
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх болон Ерөнхий сайд Н. Моди нарын алсын хараа бодит ажил болж байгаад би баяртай байна. Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайд Г.Дамдинням нар төслийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахыг төлөө хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжиж байна. Энэ оны 4-р сард Энэтхэгийн 4000 орчим ажиллах хүч Монголд ирэх бөгөөд Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахын төлөө шаргуу ажиллах болно.
Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, Харилцаа холбоо, Аутсорсингийн төв: Энэтхэгийн Засгийн Газраас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрладаг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн дэргэд баригдаж буй тус төвийн барилгын ажил тавин хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд тус төвийг 2026 оны 9-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Энэтхэг-Монголын Найрамдлын Ерөнхий Боловсролын сургууль:
Энэтхэгийн Засгийн Газраас олгосон 5.277 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Зайсангийн аманд Энэтхэг-Монголын Найрамдлын дунд сургууль баригдаж байна. Барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа ба 1200 сурагч хүлээн авах хүчин чадалтай тус сургуулийг 2026 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Энэтхэгийн Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (ITEC) нь Энэтхэгийн Засгийн газраас олгож буй бүрэн тэтгэлэгт (онгоцны тийз, сургалтын төлбөр, хоол, дотуур байрны зардал) хөтөлбөр бөгөөд мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэжлийн зөвлөгөө, техникийн туслалцаа санал болгож байна. Энэ хөтөлбөр бол Энэтхэг улсын түнш орнууддаа өгсөн хөгжлийн туршлага, мэргэжлийн ур чадвараа хуваалцах амлалтын нэг жишээ юм.
Түүнчлэн, Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн (ICCR) тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголын залуучуудад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт жил бүр 40 квот олгож байна" гэлээ.
Мөн тэрээр стратегийн түнш, оюуны санааны хөрш, “гуравдагч хөрш”-ийн хувьд манай хоёр улс цаашид
- шууд нислэг эхлүүлж тогтмол нислэгтэй болох
- нүүрс, зэс, алт, ховор элемент, ураны чиглэлээр хамтран ажиллах
- Энэтхэгээс Англи хэлний онлайн сургалт зохион байгуула
- нар, салхины эрчим хүчний салбарт технологид суурилсан түншлэл
- харилцаа холбоо (5G)
- мэдээллийн технологи ба хиймэл оюун ухаан
- Энэтхэг рүү чиглэсэн эрүүл мэндийн, шашны аялал жуулчлал болон Монгол руу чиглэсэн
- өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх
- автомашин
- ITEC-ээр хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, өргөжүүлэх
- хөдөө аж ахуй, хоршооллын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх
- өндөр түвшний харилцан айлчлалуудыг үргэлжлүүлэн хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэсэн юм.
Үзсэн: 616
Tweet