Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийг баруун бүсийн орчин үеийн төв болгон тохижуулж байна
Краков хот дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консул Ц.Уртнасангийн санаачилгаар 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд бодит ажил болон үе шаттайгаар хэрэгжиж эхэллээ
Краков хот дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консул Ц.Уртнасангийн санаачилгаар 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд бодит ажил болон үе шаттайгаар хэрэгжиж эхэллээ. БНПУ-ын Малопольске муж болон Архангай аймаг хооронд өрнөж буй хамтын ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судас, мэдээгүйжүүлэг, дотрын мэс засал, яаралтай тусламжийн чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага Польш улсын Краков хот дахь Ян Павелын нэрэмжит эмнэлэг болон Людвик Рыдыгерын нэрэмжит эмнэлэгт эхэллээ. Энэхүү хамтарсан төслийн хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт баруун бүсийн аймгуудын зүрх судасны өвчин, тархины харвалтын үед яаралтай тусламж үзүүлэх орчин үеийн төв байгуулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар уг төслийн хүрээнд яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын багаж хэрэгсэл, эмнэлгийн материалуудыг тээвэрлэхэд бэлэн болгосон нь төслийн хэрэгжилт бодит шатанд орсныг илтгэж байна. Алслагдсан бүс нутгийн ард иргэдийн амь насыг цаг алдалгүй аврах Европын дэвшилтэт эмчилгээний арга барилыг эх орондоо нутагшуулах энэхүү ажлын эхлэл тавигдсанаар цаашид бусад аймаг, орон нутагт хэрэгжүүлэх эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийн суурь бүрдэж байна. Мөн Цэцэрлэг хотыг Краков хоттой ах, дүү хотын харилцаа тогтоох, ирэх 2026–2027 онуудад орон нутгийн захиргааны чадавхийг бэхжүүлэх сургалт, соёлын солилцоо, музейн үзэсгэлэн, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн солилцоо, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, хөдөө аж ахуйн чиглэлийн сургалт, семинаруудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Үзсэн: 16
Tweet