Монгол-Польшийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа
Улаанбаатар дахь Польшийн Элчин сайдын яамнаас орон нутгийн хамтын ажиллагаа, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтыг ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Орчин цагийн Монгол-Польшийн харилцааны түүх Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа 1950 оны 4 дүгээр сарын 14-нд тогтоосноор эхэлдэг. Улмаар манай улс 1959 онд Варшавт, Польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээжээ. Тэр цагаас хойш манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарт хамтран ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Үүний нэг баталгаа бол өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд юм. 2023 оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад төрийн айлчлал хийсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол, Польш улсууд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлаж, хамтын ажиллагааны олон баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Эдгээр баримт бичгүүд өдгөө биелэлээ олж байгаагийн нэг жишээ нь хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа юм. Хоёр талын холбогдох байгууллагууд Монгол Улсад эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтэд европ стандарт нутагшуулах, бүртгэл, аюулгүй байдал, тандалт судалгааны мэдээлэл солилцож байгаа юм. Түүнчлэн Монгол Улсад аюулгүй, чанартай баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар дахь Польшийн Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хадагтай Агата Обратаньска орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарын ажилтай танилцахаар Архангай, Өвөрхангай аймагт ажиллалаа. Хэргийг түр хамаарагч хадагтай Агата Обратаньска Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.
Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Гандиймаа: Архангай аймгийн эмнэлгийн үйлчилгээний салбар маань Польш улстай сүүлийн үед хамтарч ажиллаж байна. Бид Польшийн Краков хот, Малопольске мужийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллах хамтын ажиллагаа эхлүүлээд, амжилттай явж байна. Сая 6 эмч Польшийн Мальпольск мужийн Краков хотын Ян Павлев II хааны нэрэмжит эмнэлэг, Людвик Рыдыгерын нэрэмжит эмнэлэгт дээр суралцаад ирлээ. Архангай аймгийн хүн амын өвчлөлийн тухайд зүрх судасны өвчлөл зонхилдог. Зүрхний шигдээс, тархины харвалтын шалтгаантай нас баралтууд өндөр байгаа учраас энэ чиглэлийнхээ мэргэжилтнүүдийг Ян Павлов II хааны эмнэлэг дээр дадлагажуулсан. Хоёр сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний эмч, хоёр зүрх судасны нарийн мэргэжлийн эмчээ тэнд сургаад, харин мэс заслын эмч нараа Рыдыгерын эмнэлэг дээр сургасан. Ер нь хүний нөөцөө солилцоод, эмнэлгийн ажлын талбар дээрх нөхцөл байдлуудаа судалсны үндсэн дээр харилцан шинэ туршлага солилцох, технологи солилцох мөн Польшийн талаас эмч нар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж ажиллах зэрэг ажлуудыг хийж байна. Технологийн хувьд тэдний эмнэлгийн давуу талыг манайх руу шэйрлэх боломж юу байна, нэрэмжит тасгуудыг бас бий болгох, улмаар дан ганц Архангайн хүн ам төдийгүй бүс дотроо хамтын ажиллагааныхаа хүрээнд хийсэн шинэ технологи, ур чадвар, сайн туршлагуудаа бас харилцан солилцох зорилготой ажиллаж байна.

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг нийт 323 ажилтантай. Түүний 24,4% нь их эмч, 46 хувь нь эмч, сувилагч үлдсэн нь тусгай мэргэжилтэн, дэмжих үйлчилгээнийхэн эзэлдэг байна. Үндсэн чиглэл, төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлийн 17 тасаг нэгжтэйгээр аймгийн 93 мянга гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Нарантуяа: Би ерөнхий мэс заслын эмч мэргэжилтэй. Аймгийн эмнэлэгтээ 24 дэх жилдээ ажиллаж байна. Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг өдөртөө дунджаар мянга орчим хүнд тусламж үйлчилгээг үзүүлдэг. Амбулаториор 850-900 орчим, харин хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд 150-аас 170 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Архангай аймгийн хэмжээнд 94 мянган хүнд лавлагаа заслын шатлалын тусламж үйлчилгээг төрөлжсөн, нарийн мэргэжлээр үзүүлдэг. Эх хүүхдийн чиглэлээр төрөх ээжүүдийн 95 гаруй хувь нь бол Архангайн нэгдсэн эмнэлэг дээр ирж төрдөг. Мөн 3 дугаар шатлалд өвчтөнийг шилжүүлэх тусламж үйлчилгээг цаг алдуулахгүй байх дээр нэлээн төвлөрч ажилладаг. Химийн болон хөнгөвчлөх хими эмчилгээг мөн хийдэг. Мэс заслын хувь ерөнхий мэс заслын чиглэлээр болон урологийн, хавдрын, эрүү нүүрний, чих хамар хоолойн гэх мэт мэс заслын хагалгаануудыг хийж байна. Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр эмэгтэйчүүдийн нээлттэй мэс заслуудыг бүгдийг хийж байна. Цаашид бид эх барих эмэгтэйчүүдийнхээ чиглэлээр дурангийн мэс заслыг хийхээр төлөвлөж байна. Мөн ангиографи болон зүрх судасны болон харвалтын үеийн эрт үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх түүнчлэн робот мэс заслыг нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Польш улстай бид хамтарч ажиллаж, илүү олон тусламж үйлчилгээг энэ хамтын ажиллагааны хүрээнд сайжруулж эмч, сувилагч нараа сургах, тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэр төрлийг бол нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Польшийн Краков хотын Ян Павелын нэрэмжит эмнэлэг болон Людвик Рыдыгерын нэрэмжит эмнэлэг нь зүрх судасны болон бусад мэс заслаар Европдоо тэргүүлэх эмнэлгүүдийн тоонд ордог аж. Эдгээр эмнэлэгт дадлага хийгээд ирсэн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын төлөөлөлтэй бид уулзаж, сэтгэгдлээс нь сонссон юм. Эхлээд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Гэрэлтуяагийн яриаг хүргэе.
Гэрэлтуяа: 14 хоногийн хугацаанд зүрх судасны мэс заслын чиглэлээр түлхүү үйл ажиллагаагаа явуулдаг Ян Павелийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тэнд хийж байгаа мэс засал, судсан дотуур хийж байгаа эмчилгээ, хагалгааны дараах өвчтөний хяналт, хагалгааны өмнөх өвчтөний бэлтгэл болон бусад зүйлстэй танилцаад туршлага судлаад ирлээ. Ян Павел эмнэлэг нь зүрх судасны мэс заслаар Европдоо тэргүүлдэг эмнэлгүүдийн нэг. Тэнд мэдээж тоног төхөөрөмжийн давуу тал, мэргэжилтний туршлага сайн байна. Бид тэнд туршлага судлах хугацаандаа өөрийн аймгийн эмнэлэгтэйгээ харьцуулж явж байлаа. Хэдэн жилийн дараа бид зүрх судасны чухал мас заслуудыг хийхийн төлөө үе үеийн эмч нар маань зорьж ажиллаж байна. Яг одоо бидэнд тийм хэмжээний мас заслын туршлага, тоног төхөөрөмж байхгүй байгаа боловч өвчтөний зүрхний эхоний оношилгоо болон хагалгааны дараах хяналт, мөн хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн аюулгүй байдал гэдэг зүйлсийг нэвтрүүлээд явах боломжтой гэж бодож байна.

Польшийн Малопольске мужийн Караков хотын Л.А.А.Людвик рудигери эмнэлэгт 14 хоногийн хугацаатай дадлага болон туршлага солилцох сургалтад хамрагдаад ирсэн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн бөөрний мэс заслын эмч Бат-Өсөхтэй уулзаж манай улсад хэрэгжүүлж болох сайн туршлага юу байсан талаар асууж сонирхлоо.
Бат-Өсөх: Манай улсад хэрэгжүүлж болохоор туршлага гэх юм бол лазер хагалгаа байлаа. Польш улсад лазер хагалгаа болон дурангийн хагалгааг түлхүү хийж байна. Манай эмнэлгийн хувьд дурангийн хагалгаа ордог боловч лазерын аппарат байхгүй учир лазер хагалгаа хийдэггүй. Тийм учраас лазераар түрүү булчирхай авах мэс заслыг нэвтрүүлэх боломжтой юм байна гэж харсан. Мөн хагалгааны өрөөнд яаж ажилладаг болон анх тасагт хүнээ яаж хэвтүүлдэг, ямар шинжилгээнүүд авдаг, мэс засал хийхэд хэдэн минут үргэлжилдэг, түүний дараа хэрхэн тасалт шилжүүлдэг гээд бүх процесс дээр миний бие туршлага судлаад ирсэн. Манай улсын хэмжээнд бөөр шээсний замын лазер хагалгааг улсын 1 дүгээр төв эмнэлэг ордог. Гэхдээ тийм ч олон тоогоор ордоггүй. Манай улсын хэмжээнд урологи, андрологийн төв ганцхан байдаг. Тэнд лазераар түрүү булчирхай авах хагалгааг цөөн тоогоор хийдэг. Гэтэл манай аймгийн хувьд түрүү булчирхайн өвчлөл түгээмэл байдаг. Тодруулбал, манай нэгдсэн эмнэлгийн бөөрний мэс засал урологийн амбулаториор хандаж үзүүлж байгаа өвчтөнүүдийн дийлэнх 50-аас дээш насны 60-аас дээш насны хүмүүс байдаг буюу нийт хүмүүсийн 80 хувийг эзэлдэг. Залуу хүмүүс ч гэсэн ирдэг. Гэхдээ ерөнхийдөө бол насжилтын хувьд 50-80 насны хооронд дахь хүмүүс ирж үйлчлүүлдэг. Харин Польшийн хувьд бол миний анзаарснаар ерөнхийдөө 60-аас 80 насны хооронд өвчөнүүд энэ төрлийн мэс засалд ордог юм байна лээ. Ингээд харьцуулахад насжилтын хувьд 10 орчим насаар манай улсын энэ төрлийн өвчөнүүд залуу байгаа нь ажиглагдсан. Энэ нь уур амьсгалын нөлөө, ажлын байрны онцлогоосоо хамаардаг байх. Багшилж байсан профессороосоо асуухад түрүү булчирхайн томролын мэс засал энэ чиглэлийн хагалгааных нь дийлэнх хувийг буюу 50 орчим хувийг эзэлдэг гэж ярьж байсан. Польш улсын эмч нартай хамтран ажиллахад маш сайхан халуун дотноор хүлээж авсан. Зарим нэг хэлний бэрхшээлтэй талууд гарч байсан боловч өөр өөрийнхөө хэмжээнд ойлголцоод маш сайн дадлага сургуулилт хийгээд ирсэн. Бас нэг үзэж харсан давуу талтай зүйл бол робот хагалгаа байлаа. Түрүү булчирхайн мэс засал ялангуяа хавдрын мэс засал буюу түрүү булчирхайг бүтнээр авах мэс заслыг робот хагалгаагаар хийдэг юм билээ. Тэр нь нутагшаад 5 орчим жил болчихсон гэж манай профессор хэлж байсан. Харин манай улсын хувьд 1 сарын өмнө л роботоор мэс засал хийх хагалгаа анх удаа нэвтэрсэн байх жишээний. Тэгэхээр ерөнхийдөө Монголд нэг удаа л робот туршилтын хагалгаагаа хийгээд нутагшуулах явцдаа явж байгаа гэж ойлгож болно. Польш улсад ДаВинчигийн роботын аппаратаар хагалгаа хийдэг юм байна лээ. Манай улсад энэ аппарат нь орж ирээгүй. Гэхдээ ямар ч байсан робот хагалгааг өөр улс орнуудаас авчраад робот мэс засал хийгээд эхэлж байгаа нь ерөнхийдөө энэ зүйлийн суурийг тавьж байгаа давуу тал юм. Үүний дараа гуравдугаар шатлалын эмнэлгүүд нь аваад хөдөө орон нутгаараа бас нутагшуулаад явах байх гэж найдаж байна.
Бидний уулзсан дараагийн эмч бол Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний эмч Эрдэнэхүү байлаа. Тэрээр хагалгааны дараах хяналтыг маш нарийн сайн хийхийн чухлыг онцолж байлаа.
Эрдэнэхүү: Би Польш улс Архангай аймаг хоёрын хамтын ажиллагааны төслийн хүрээнд Ян Павелийн эмнэлэг дээр суралцсан. Тэнд би өөрийнхөө мэдээгүйжүүлгийн талаас болон бусад талаар нэлээн сайн суралцаж авлаа. Цөөхөн хоног ч гэсэн хангалттай сайн сурлаа л гэж бодож байна. Энгийнээс эхлээд ингээд нарийн мэргэжилдээ оруулахаар зүйлс нэлээд ажиглагдлаа. Жишээ нь эмч хоорондын харилцаа, эмч өвчтөний харилцаа, мөн хагалгааны дараах хяналтаа яаж хийж байна? Хагалгааны хяналт, жижиг ажилбаруудын хяналт гээд олон чухал зүйлсийг харлаа. Хагалгааны дараах хяналтууд нь бас их таалагдсан. Хагалгааны дараах хяналтыг маш нарийн хийж байна. Зүгээр үзээд, зовуурь асуугаад өнгөрөх биш бүр нарийн, цаг цагаар үзэж хянадаг нь авууштай санагдсан. За хагалгааны дараах эхний 2 өдөр маш өндөр хяналттай байдаг юм байна лээ. Тэгээд шинжилгээ, зүрхний эхо бусад оношилгоонуудаа өдөр тутамд хийгээд, өдөрт олон давтамжтайгаар хянадаг юм байна. 48 цагаас хойш хяналт нь арай багасаад тэгээд ерөнхийдөө 5 хоног дотроо бол болчихдог юм байна. Бид бас амбулаториор, бүх тасгаар нь явж танилцсан. Амбулаторит яг хянах ёстой хүмүүсээ бүртгэлтэй хянаж байдаг, ирэх болгонд нь бас оношилгоо шинжилгээгээ бүгдийг нь хийгээд яг хүнийхээ төлөө л гэсэн сэтгэлдээ л гоё ажилладаг хүмүүс байна лээ.
Архангай аймаг болон БНПУ-ын Малопольске муж хооронд өрнөж буй хамтын ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулсан нь энэ юм. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт баруун бүсийн аймгуудын зүрх судасны өвчин, тархины харвалтын үед яаралтай тусламж үзүүлэх орчин үеийн төв байгуулахаар төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар уг төслийн хүрээнд яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын багаж хэрэгсэл, эмнэлгийн материалуудыг тээвэрлэхэд бэлэн болгосон нь төслийн хэрэгжилт бодит шатанд орсныг илтгэж байна. Алслагдсан бүс нутгийн ард иргэдийн амь насыг цаг алдалгүй аврах Европын дэвшилтэт эмчилгээний арга барилыг эх орондоо нутагшуулах энэхүү ажлын эхлэл тавигдсанаар цаашид бусад аймаг, орон нутагт хэрэгжүүлэх эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийн суурь бүрдэж байна. Мөн Цэцэрлэг хотыг Краков хоттой ах, дүү хотын харилцаа тогтоох, 2026–2027 онуудад орон нутгийн захиргааны чадавхийг бэхжүүлэх сургалт, соёлын солилцоо, музейн үзэсгэлэн, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн солилцоо, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, хөдөө аж ахуйн чиглэлийн сургалт, семинаруудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хамтын ажиллагааны суурийг тавихад Монгол улсаас БНПУ-д суугаа Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консул Ц.Уртнасан идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа юм байна. Архангай аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Шагдарсүрэнгийн Гомбодорж:
Гомбодорж: Польш улсын Караков хотод суугаа өргөмжит консул Уртнасан манай аймгийг холбож өгснөөр сүүлийн 2-3 жилд Польш улс, тэр дундаа Польшийн Караков хоттой хамтын ажиллагаа өрнүүлж, шинэ шатанд гаргаж ажиллаж байна. Үүний нэг илрэл бол Польшийн Караков хотын Маршал тэргүүтэй төлөөлөгчид Архангай аймагт айлчилж, Монгол-Польшийн соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулсан. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, хот тохижилт үйлчилгээний салбарт хамтран ажиллаад явж байна. Эхнээсээ эрүүл мэндийн салбарт ажил хэргүүд маань үр дүнгээ өгч аймгийн эмч нар маань Польш улсад мэргэжил дээшлүүлээд ирлээ. Польш улсын Караков хотод суугаа өргөмжит консул Уртнасан манай аймгийг холбож өгснөөр сүүлийн 2-3 жилд Польш улс, тэр дундаа Польшийн Караков хоттой хамтын ажиллагаа өрнүүлж, шинэ шатанд гаргаж ажиллаж байна. Үүний нэг илрэл бол Польшийн Караков хотын Маршал тэргүүтэй төлөөлөгчид Архангай аймагт айлчилж, Монгол-Польшийн соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулсан. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, хот тохижилт үйлчилгээний салбарт хамтран ажиллаад явж байна. Эхнээсээ эрүүл мэндийн салбарт ажил хэргүүд маань үр дүнгээ өгч аймгийн эмч нар маань Польш улсад мэргэжил дээшлүүлээд ирлээ.

Монголын эрүүл мэндийн салбарыг дэмжих хүрээнд өмнө нь “Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-ээр Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд Польшийн машин тоног төхөөрөмжийн "Столарчик" компанийн 33 түргэн тусламжийн машиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн нь одоо ч хөдөөгийн иргэдэд яаралтай тусламжийг үзүүлсээр байна. Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр Улаанбаатар дахь Польшийн Элчин сайдын яамнаас цаашид ч онцгой анхааран ажиллана гэж Польшийн Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хадагтай Агата Обратаньска орон нутагт ажиллах үеэрээ илэрхийлж байлаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарт эх, хүүхдийн эмч нарыг Польшид сургаж, чадавхижуулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа танилцуулж байсан юм. Мөн Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Польш Улсын эмийн бүртгэл, хяналт, зохицуулалтын сайн туршлагаас судлах, нэвтрүүлэх, мэдээллийг харилцан солилцох, эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах боломжийг судлах, туршлага солилцох зэрэг ээрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж байлаа.


Үзсэн: 5335
Tweet