Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэв
Төрийн ордонд төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, батлан хамгаалах, соёл, урлагийн салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов. Төрийн ордонд төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, батлан хамгаалах, соёл, урлагийн салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ. Мөн сар шинийн босгон дээр Булган аймгийн Могод сумын өндөр настан Г.Чимэд гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг гардуулсан байна. Цагаан сарын баярыг тохиолдуулан 90-ээс дээш настай ахмадуудад аймаг, нийслэлийн Засаг дарга, 100 ба түүнээс дээш настанд Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу зуу нас зооглож буй өндөр настанд аймгийн Засаг дарга Г.Пүрэв-Очир хүндэтгэл үзүүлсэн байна. Өндөр настан Г.Чимэд нь 1926 онд Булган аймгийн Могод сумын 4 дүгээр баг, Баян-Уул багийн Их өвөлжөө хэмээх газарт төржээ. Тэрбээр залуу насандаа сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж, таван хүүхэд төрүүлж өсгөн, эдүгээ таван үеэ үзэж, үр хүүхэд, ач зээ нарынхаа хүрээлэлд 100 насны ерөөл бялхуулан энх амгалан аж төрж байна. Аймгийн удирдлагууд өндөр настанд хүндэтгэл үзүүлэх үеэрээ, эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, ач зээ нартаа түшиг тулгуур болж явахын өлзийтэй ерөөл дэвшүүлжээ.
Үзсэн: 3821
Tweet