Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо
20 дахь жилдээ зохион байгуулсан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Монгол улсын ерөнхийлөгч мэндчилгээндээ “Монголчууд бид эрт цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж, үг сургаалыг нь сонсож, суу билиг, хатан ухаан, хайр энэрэл, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргээр нь бахархаж ирсэн сайхан уламжлалтай” гээд Монголын сайхан үрсийг энэрэл хайраараа өлгийдөн өсгөж байгаа одонтой ээж нараа жил бүрийн энэ өдөр төрийн тэргүүн хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг гэсэн юм. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор олон улсын чуулга уулзалтыг эх орондоо тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал, Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг 2022 онд, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 2023 онд, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд, Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2025 онд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорзохион байгуулжээ. Мөн энэ жил Эмэгтэй парламентчдын олон улсын чуулга уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байна. Монгол төрөөс эмэгтэйчүүдийн оролцоог нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л түвшинд нэмэгдүүлэхийг төрийн бодлогынхоо нэгэн чухал зорилт болгосоор ирснийг онцлон тэмдэглэв. 20 дахь жилдээ зохион байгуулсан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.
Үзсэн: 3282
Tweet