Монгол цэргийн өдөр тохиож байна
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монгол цэрэг эрс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэгт оролцон “Дэлхийн цэрэг” болсныг онцлов
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ой болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үе үеийн эх орончид, ахмад дайчид, цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэлээ. Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалж яваа цэрэг эрс, улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн өвөг дээдэс, суут жанжид, ахмад дайчдын алдар гавьяа, үйл хэргийг дурсах, сурталчлан таниулах, алдаршуулан тэмдэглэх учиртай бахархал-хүндэтгэлийн өдөр гэдгийг тэрбээр тэмдэглэлээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монгол цэрэг эрс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэгт оролцон “Дэлхийн цэрэг” болсныг онцлов. Хорин гурван мянга гаруй цэнхэр дуулгатан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, хошууч генерал Б.Эрдэнэбат Кипр Улс дахь Цэргийн хүчний командлагчаар томилогдон ажилласан нь үүний нэг тод илрэл гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд оролцон эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан ахмад дайчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
Үзсэн: 389
Tweet