Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-03-2026
Монгол

Шинэ мэдээ

“Монгол цэргийн музей”


Densmaa 2026-03-18 02:03

1921 оны 3 дугаар сарын 18-ны энэ өдөр Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж эх орны төлөөх тэмцэлдээ анхны ялалтаа байгуулсан түүхтэй.

      Монгол цэргийн түүх бол Монголын түүхийн салшгүй нэг хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрөлхтний түүхийг судлахад зайлшгүй авч үзвэл зохих үнэт зүйл мөн. Нүүдэлчин монголчуудын цэрэг эх оронч үзэл, Монгол Цэргийн түүх яндашгүй арвин билээ. Монгол Цэргийн Музей нь энэхүү арвин баялаг түүхийн дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, хадгалан хамгаалах, судлан шинжлэх, сурталчлах үүргийг хүлээсэн эрдэм шинжилгээ, соёлын байгууллага юм. БНМАУ-ын Улс Төрийн Товчооны 2 тоот тогтоолоор Монголын Ардын Армийн музей байгуулах шийдвэр гарснаар 1966 онд Монгол цэргийн музей үүсгэн байгуулагдсан түүхтэй. Монголын Ардын армийн музей анх Офицеруудын ордны хоёрдугаар давхарт байрлан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар 1987 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Монгол Ардын армийн цогцолбор байгуулах тухай" тогтоол гарснаар өнөөгийн Монгол цэргийн музей байгуулагдах эхлэл тавигджээ. 1991 оны 10 сарын 4-ны өдөр БНМАУ-ын Батлан хамгаалах яам, Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хорооны хамтарсан тушаалаар “Монгол цэргийн музей” хэмээн нэрлэгдэх болсон байна. Ингээд музейн барилгын ажлыг Ардын армийн 022, 158 дугаар ангиуд гүйцэтгэж 1996 оны 3 сарын 15-нд Монгол цэргийн музей албан ёсоор нээлтээ хийжээ. Монгол цэргийн музейн Музей судлал, эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн албаны дарга А.Ганганчимэгийн яриаг хүргэе.

А.Ганганчимэг: Монгол цэргийн музейн түүхийг судлаад үзэхэд 10 дугаар сар их онцлогтой сар байдаг. 1966 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад цэргийн музей байгуулах 2 тоот тогтоол гарснаар анх байгуулагдсан гэдэг түүхэн баримт бий. Үүнээс хойш нэршлүүд нь өөрчлөгдөөд явсан байгаа юм. Эхлээд Ардын армийн музей байснаа Монгол ардын армийн төв музей болоод дараа нь Монгол цэргийн музей болсон. Монгол ардын армийн төв музей байж байгаад Монгол цэргийн музей болсноор агуулгын хувьд маш том болчхож байгаа юм. Эдгээр түүхэн цаг үеэс харахад 10 дугаар сар их онцгой сар байдаг. Тодруулбал, 1987 оны 10 дугаар сард Монгол цэргийн музейн барилгын шавь тавигдаж байсан. 1989 оны 10 дугаар сард Ардын армийн төв музей болж байсан. 1991 оны 10 дугаар сард Монгол цэргийн музей гэж нэрлэх болсон түүхтэй. Маш олон хүмүүсийн сэтгэл зүтгэл нөр их хөдөлмөрөөр энэ музей байгуулагдсан. Яг түүхэн цаг үеийг нь авч үзвэл Монгол Улсын эдийн засаг маш хүнд үе буюу 1990-ээд онд байгуулсан. Тэр үед дэлгүүрт давс, гоймонгоос өөр зүйлгүй байсан. Тийм хүнд үед музей байгуулна гэдэг бол асар их хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл юм. Гэвч Зэвсэгт хүчний 75 жилийн ойг тохиолдуулан энэ музейн барилгыг барьж дуусгана гээд 1992 оноос эхлээд Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Жадамба ард иргэд, ахмад дайчид болон БХЯ-ыг тэр чигээр нь удирдаж маш их хөдөлмөр зүтгэл гаргасны үр дүнд 130-аад сая төгрөгийн төсөв бүрдүүлээд түүгээрээ 1987 онд эхэлсэн боловч зогсонги байдалд орчихсон байсан энэ музейн барилгыг дахин эхлүүлж, 1995 оны 8 дугаар сард ашиглалтад оруулаад 1996 онд 2 танхимтайгаар үйл ажиллагааг нь нээж ахмад дайчдын олон жилийн хүлээлтийг бодит болгосон байдаг. Монгол цэргийн музей бол ийм сайхан түүхтэй байгууллага юм.

      Монгол цэргийн музей үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд 2026 оны турш олон ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Музейг байгуулах үйлсэд биечлэн оролцож, сэтгэл, зүтгэл гарган ажилласан үе үеийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, ажилтан албан хаагчид, хөрөнгө, мөнгө, эд материалын хандив, туслалцаа үзүүлсэн байгууллага, хамт олон, хувь хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг баримтжуулан үлдээх түүхийн судалгааны ном болон гэрэл зургийн цомог гаргахаар ажиллаж байна. Мөн музейн сан хөмрөгийн шилдэг үзмэрийн катологи, баримтат кино, музейн 3 үеийн төлөөллийг оролцуулсан нэвтрүүлэг, сурвалжилга, контентыг нийгэмд үе шаттайгаар бэлтгэн хүргэх 20 гаруй ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

А.Ганганчимэг: 2026 он бол Монгол цэргийн музейн хувьд үнэхээрийн чухал ач холбогдолтой түүхэн жил. Ер нь цэргийн музейн түүхийг судлаад үзэхэд 10 дугаар сарын маш чухал ач холбогдолтой сар байсан учраас бид нар 1 сарын 21-сээ эхлээд 10 дугаар сарыг дуустал энэ оны турш музейн түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлдэж байна. Ойг хэрхэн  тэмдэглэх талаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан. 2025 оны 481 дүгээр тушаалын дагуу мөн Монгол цэргийн музейн захирлын тушаал гараад ажлын хэсэг бүрдүүлж төлөвлөгөөгөө тусгаад ажиллаж байна.

      Монгол цэргийн музей нь эдүгээ 800 кв.м талбайд 3000 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд “Эртний түүхийн”, “Шинэ түүхийн” гэсэн үзүүлэнгийн хоёр танхимаас гадна “Маршал” нэртэй хүндэтгэлийн танхим ажиллуулдаг байна. Мөн музейн барилгын гадна талбайд байлдааны техник хэрэгслийн ил үзмэрүүдийг байршуулжээ. Тус музейн нэг салбар музей байдаг нь Г.К.Жуковын дурсгалын музей юм. ЗХУ-ын 4 удаагийн баатар БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын дурсгалд зориулсан дурсгалын музейг Халхын голын ахмад дайчид болон түүнийг бахархан дэмжигч ард түмний санаачилгаар Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан 1979 оны 08-р сарын 19-ний өдөр анх нээсэн. Уг музейг  Г.К.Жуков нь гэр бүлийн хамтаар 1939 оны 09-р сараас 1940 оны 05-р сар хүртэл амьдарч байсан байшинд байгуулснаараа онцлогтой юм. Энэ музейд гарамгай жанжин Г.К. Жуковын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, үйл амьдралыг харуулсан түүхэн гэрэл зураг, баримт материалыг дэглэн үзүүлсэн байдаг.

     Монгол цэргийн музейн Эртний түүхийн танхимд хуучин чулуун зэвсгийн дээд үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх дурсгал, НТӨ VIII-VII зууны үеийн хүрэл дуулга, хутга, сүх, Хүннү гүрний цэргийн хүрэл тоногтой суран бүс, төрөл бүрийн сумны зэвүүд, бие хамгаалах хэрэгслүүд, XIII зууны үед хамаарах чонын сийлбэр бүхий хотгор илд, 1372 оны хүрлээр цутгасан галт буу зэрэг ховор үнэт үзмэрүүд бий.  Харин Шинэ үеийн түүхийн танхимд 1911 он буюу Богд хаант Монгол Улсын үе, 1921 оны Ардын хувьсгалын үе, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Дэлхийн хоёрдугаар дайнд Монголчуудын оролцоо, Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралт, 1956-1990 оны Монголын Ардын Арми, 1991 оноос өнөөг хүртэлх Монголын Зэвсэгт хүчин, Энхийг дэмжих ажиллагаанд Монгол цэргийн түүх багтжээ. Цэргийн төрөл мэргэжлийн танхимд Цэргийн холбоо, Артиллерын цэрэг, Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Цэргийн улс төр, Ар талын түүхийг толилуулснаас гадна Монголын Ардын Армид ашиглагдаж байсан буудлагын зэвсэг, багаж хэрэгсэл зэрэг олон сонирхолтой  үзмэрийг дэглэн үзүүлсэн байна. Түүнчлэн Хүндэтгэлийн танхимд Богд хаант Монгол Улсын үеэс өнөөдрийг хүртэлх Монгол Улсын төрийн сүлд, далбааны өөрчлөлт, Монгол Улсын маршлуудын түүхэнд холбогдох ховор үзмэрүүд бий. Эдгээр үзмэрүүдээс Монголын цэрэг армийн зэвсэг хэрэглэлийн хөгжил, байлдааны түүхийг харах боломжтой гэдгийг Монгол цэргийн музейн ерөнхий менежер Б. Азбаяр хэллээ.

Б. Азбаяр: Манай эрдэмтэн судлаачид дэлхийн түүхийг судлахын тулд Монголын түүхийг судалж үз. Монголын түүхийг судлахын тулд Монголын цэрэг армийн түүхийг судалж үз гэж ярьдаг. Энэ нь ч үнэний ортой. Бүх дэлхийн түүхэнд Монголын түүхэнд маш тодоор бичигдэн үлдсэн байдаг. Бид бол Их Монгол гүрнийг байгуулж байсан ард түмэн. Тиймээс манай Монгол цэргийн музей нь чулуун зэвсгийн үеэс зэвсэглэл яаж хөгжсөн бэ? Тэр зэвсэглэлүүдийг манай монголчууд цэрэг армидаа яаж ашиглаж байсан бэ? Ямар тактиктайгаар байлдаж тэр их гүрнийг байгуулж байсан юм бэ? Гэдгийг эртний түүхийн танхимаараа дамжуулан хүүхэд залуучууддаа болон нийт үзэгч олондоо тайлбартайгаар хүргэж байна. Мөн Шинэ түүхийн танхимаар Богд хаант Монгол улсаас хойшоо өнөөг хүртэл манай цэрэг армийн түүх хэрхэн хөгжиж ирсэн, зэвсэглэл хэрэглэл нь ямар байгаа,  энхийг сахиулагчид маань хаана хаана үүрэг гүйцэтгэж байгаа, үүрэг гүйцэтгэхдээ ямар тодорхой гавьяа байгуулсан бэ гэдгийг ард иргэд, хүүхэд залуучууд, жуулчдадаа үзүүлж сонирхуулж байна. Монголын цэрэг армийг бүрдүүлж байгаа томоохон хүн хүч маань бол  мэргэжлийн цэргүүд байдаг. Үүнийг манай хүүхэд залуучууд болон жуулчид ч их  сонирхож асуудаг. Цэрэг гэхлээр бүгд буу бариад байлддаг хүмүүс биш. Үүн дотор төрөл мэргэжлийн цэргүүд гэж бий. Цэрэг болгон өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. Ар тал, хангалтын алба гээд тусдаа маш том алба байдаг. Инженерийн цэргийнхэн гээд тусдаа үүрэг гүйцэтгэдэг хүмүүс байна. Мөн танкныхан холбооныхон гээд цэргүүд маань тус тусдаа үүрэг гүйцэтгэдэг байх жишээний. Тиймээс бид Монголын төрөл мэргэжлийн цэргүүд ямар ямар үүрэг гүйцэтгэж оролцдог вэ гэдгийг Монгол цэргийн музейгээр зочилсон үзэгч хүмүүст харуулах үүднээс нарийн ялгаж тайлбарлаж, танилцуулж байна.

     Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй “Дундад зууны үеийн Монгол цэргийн хотгор илд”-ийг Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 227 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалд бүртгэжээ. Мөн онцлох үзмэрүүд болох Монгол цэргийн чулуун зэвсгийн үлдэцүүд, сумны зэв, хүрэл дуулга, хүрэл галт буу, гархин болон бэгтэр хуяг, харуулын цэргийн дээл, БНМАУ-ын маршал сэлэм, дүрэмт хувцас, одон медаль, ЗХУ-ын зураач Ю.М.Непринцевийн “Тулалдааны дараах амсхийлт” уран зураг зэрэг нь үзэгч түмний мэлмийг мялааж байна. Монгол цэргийн музейн сан хөмрөгт чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөгийн Зэвсэгт хүчний хөгжлийн үеийг харуулсан монгол цэргийн түүхэнд холбогдох 9960 гаруй эд өлөг, биет үзмэрүүд хадгалагдаж байгааг Монгол цэргийн музейн Музей судлал, эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн албаны дарга А.Ганганчимэг хэллээ.

А.Ганганчимэг: Манай музейн анхны эрхлэгч нь 1967 онд тэр үеийн Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон байдаг. Тэр үед Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд нь Лхагвасүрэн жанжин байсан. Жанжны тушаалаар 2 орон тоо баталсны нэг нь та бүхний сайн мэдэх Монгол улсын УГЗ Аравсал зураач бөгөөд тэр хүнийг музейн эрхлэгчээр томилон ажиллуулж байсан. Тэрээр 1967 оноос 1986 он хүртэл бараг 20 жил армийн музей эрхлэгчээр ажилласан. Энэ хугацаандаа олон сайхан нэртэй уран бүтээлүүдийг туурвиж тэдгээр бүтээлээсээ УГЗ болсон байдаг. Тэр бүтээлүүд нь манай музейн анхны үзмэрүүд байгаа юм. Мөн дээрээс нь Сэрээтэр гээд уран бүтээлчийн маш сайхан маркийн цуглуулгууд байсан. 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн болон Ардын хувьсгалын анхны долоо болох Чойбалсан, Сүхбаатар, Магсаржав нарын зурагтай хажуудаа монгол бичгээр биччихсэн тайлбартай маркийн цуглуулгууд байсан. Энэ нь Монгол цэргийн музейн анхны үзмэрүүдэд тооцогддог. Улмаар  1960-аас 1990 оны хооронд төрөл чиглэлийн музейнүүд байгуулагдаж тэр үед бүртгэлжүүлэх ажил хийгдэж эхэлсэн. Тэгээд анхны үзмэр маань 1988 он гэсэн бүртгэлтэй генералын дүрэмт хувцсаар эхэлсэн байдаг. Монгол цэргийн музей болсон учраас агуулгын хувьд томроод хуучин чулуун зэвсгийн дээд шатнаас үзмэрүүд маань эхэлдэг. Үүнд хүрэл зэвсгийн үед холбогдох хүрэл дуулга байна. Дундад зууны үед холбогдох хотгор илд бүртгэгдсэн байна. Тэрхүү хотгор илдийг 2013 онд Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалд бүртгэсэн байдаг. Дандаа цэргийн түүхтэй холбогдох зэр зэвсэг, хувцас хэрэглэлээс гадна түүхэн хүмүүсийн хэрэглэж байсан зүйлүүд ч бий. Жишээлбэл Монгол улсын түүхэнд тод үлдсэн гурван маршалын өөрсдийн эдэлж хэрэглэж байсан зүйлүүд, Сүхбаатар жанжны албан тасалгааны эд зүйлс гээд ховор нандин зүйлс бий. Манай музей нийт 13 төрөл зүйлийн 9960 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг хадгалж хамгаалж, сурталчлаад, судалгааны эргэлтэд оруулаад явж байна.

     Монгол  цэргийн  музей нь  гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газар,  АНУ, ОХУ, Бүгд Найрамдах Турк  Улс, Бүгд Найрамдах Тува Улсын Элчин сайдын яамдуудтай хамтарч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал ОХУ-ын Ангарск хотын Ялалтын музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан, ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгчтэй уулзан, цаашид хамтран ажиллах талаар тохиролцохоос гадна ”Эх орны дайчид” ТББ-тай хамтран ажиллаж байна. Мөн БНТУ-ын Анкара болон Истанбул хотод 7 хоногийн ажлын айлчлал хийж, холбогдох албан тушаалтнуудтай цэргийн түүх судлал, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сурталчлах талаар санал солилцож, туршлага судалжээ. Ийнхүү Монгол цэргийн музей нь Монголын төр, ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үнэн түүхийг баримтжуулан үлдээж, үе үеийн эх орончдын байгуулсан гавьяаг ард түмэнд сурталчлан таниулж, цэргийн түүхэнд холбогдох эд өлгийн хайгуул судалгааг хийж, хадгалан хамгаалж, дэглэн үзүүлэх зэргээр Монгол төрийн батлан хамгаалах бодлогод хувь нэмрээ оруулсаар нэгэн жарны түүхийг бүтээжээ.

Үзсэн: 34

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна