Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр


Densmaa 2026-04-07 01:04

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулсан өдрийг "Дэлхийн эрүүл мэндийн өдөр" хэмээн тэмдэглэж иржээ.

    Дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд улс орнуудыг нэгэн зүгт анхаарлыг нь хандуулан, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулжээ. 1950 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулсан энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 

2026 оны Эрүүл мэндийн өдрийг дэлхий нийтээр “Эрүүл мэндийн төлөө-Шинжлэх ухааныг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд шинжлэх ухаанд суурилсан шийдлийг дэмжих үүнд, худал мэдээлэл, ташаа ойлголтыг бууруулах, вакцин, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт зэрэгт баталгаатай судалгаанд тулгуурлан хандах, эрүүл мэндийн бодлого боловсруулахад эмч мэргэжилтэн, судлаачдын дүгнэлтийг нэн тэргүүнд тавихыг уриалжээ.

Энэ өдрөөр манай улс эрүүл мэндийн өдөрлөг, үзлэг, вакцинжуулалтын аян, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилах арга хэмжээ болон сургалт лекцийг бүх шатны сургууль, байгууллагуудад зохион байгуулах, сошиал медиагаар эрүүл мэндийн холбогдолтой зөв мэдээ мэдээлэл түгээх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар 2026 онд “Хүнлэг үйлчилгээ, хүртээмжтэй тогтолцоо, хариуцлагатай салбар” уриан дор ажиллаж, санхүүгийн зөв менежмент, хүний нөөцийн оновчтой хуваарилалт, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч байна. Зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон чухал шийдвэрүүд гарч бодит ажил болсон бөгөөда зарим томоохон төслүүд гараанаасаа гарсан байна. Тухайлбал, Монгол Улсад 5 дугаар зэрэглэлийн Зүрх судасны үндэсний төв байгуулах зээлийн гэрээ баталгаажжээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих уг төслийн хүрээнд 8 давхар, 120 ортой зүрх судасны төвийн барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах юм. 

УИХ-ын гишүүн, эмч Ж.ЧинбүрэнМонгол улсын эрүүл мэндийн салбар 60-аад сая долларын өртөг бүхий Зүрх судасны төв байгуулахаар болсон. ЕСББанкаас санхжүүжүүлэх 35 орчим сая долларын гэрээнд гарын үсэг зурж төслийг баталгаажууллаа. Мөн Люксембургийн 24-25 сая долларын буцалтгүй тусламжинд бас гарын үсэг зурж, 5 зэрэглэлийн буюу хамгийн дээд шатлалын шинэ эмнэлэг баригдах үйл ажиллагаа Монгол улсад эхэлсэнд маш их баяртай байна.     

     Төсөл хэрэгжсэнээр сэргийлж болох өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зорилго биеллээ олно. Монголчуудын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, сургалт, судалгааны цогц төвтэй болж тусламж үйлчилгээний хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир: Энэхүү зээлийн гэрээ байгуулагдсанаар Монгол улсын Эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулалт болж байна. Монгол улс Зүрх судасны үндэсний төвтэй болсноороо хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд онцгой анхаарч, цогц бодлогоор тууштай анхаарч зүрх судасны шалтгаант нас баралтыг буруулах, өвчлөлийг буруулах, урьдчилсан сэргийлэлт, анхан шатны зүрх судасны тусламжийг сайжруулах, бүх шатлалд зүрх судасны тусламж үйлчилгээний олон арга технологийг хурдацтай нэвтрүүлэх боломжийг бүрдэнэ. Мөн зүрх судасны өвчний шалтгаан, хүчин зүйл, эмчилгээ оношилгооны олон арга технологийг нэвтрүүлж, олон улсын судалгаа шинжилгээний том бааз сургалтын төв болох гол зорилготой байгуулагдаж байна. Сүүлийн 20 гаруй жилийн туршид Люксембургийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хамгийн гол зорилго нь Монгол улсыг өөрийн гэсэн Зүрх судасны үндэсний төвтэй болгож, хүн ардынхаа эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулах энэ үйл ажиллагааны эхлэл тавигдаж байгаад баяртай байна. 

      Эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлт бол эх, хүүхдийн эрүүл мэнд, дундаж наслалт, нас баралт байдаг. 2014-2024 оны хооронд манай улсад нийт 189 мянган хүн нас барсан байна. 11 жилийн хугацаанд нас барсан нийт хүмүүсийн 71 хувь нь буюу 133,600 орчим нь эмнэлгээс гадуур нас баржээ. Үүний 54 хувь нь буюу 70 мянга орчим хүн яаралтай тусламжийг цаг алдахгүй, чанартай авсан бол амьд үлдэх боломжтой байсан гэдэг судалгааны дүгнэлт гараад байна.

Сэргийлэх боломжтой эмнэлгээс гадуур нас баралтын 80 хувийг осол, гэмтэл, хордлого, зүрхний шигдээс, харвалт гэсэн гурван шалтгаан эзэлж байгаа юм. Тиймээс зөвхөн энэ чиглэлд чадавх бэхжүүлж, тусламж, үйлчилгээг сайжруулахад нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлж чадна. Тэгвэл ирэх хоёр жилд Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилт бүхий “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг ахисан түвшинд хүргэж шинэчлэн бэхжүүлэх” төсөл Монгол орон даяар хэрэгжих юм байна. Төслийн үр дүнд яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чадамж бэхжиж, сэргийлж болох нас баралтыг бууруулан, аварч болох мянга мянган амь насыг аврах эрүүл мэндийн тогтолцоо бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

    Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 онд хийжээ. Ингэснээр, Монгол Улс робот мэс заслын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон болсон юм. Робот мэс засал эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх ажил 2022 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн бөгөөд анхны мэс заслаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр ийнхүү амжилттай хийсэн байна.

Робот мэс засал эмчилгээ нь дэлхийн 69 оронд нэвтрээд буй шинэ, мэс засал эмчилгээний хүчирхэг, дэвшилтэт технологи бөгөөд мэс заслын эмч нарт гурав дахь гар, маш нарийвчлалтай ажиллах боломж нь болдог бөгөөд бүрэн нутагшсаны үндсэн дээр интернэтийн өндөр хурдны тусламжтайгаар зайнаас мэс засал хийх боломжийг бүрдүүлэх юм.

Хавдар судлалын үндэсний төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат: Олон хүн роботын мэс засал гэхээр робот гүйж ирээд хагалгаа хийнэ гэж ойлгоод байдаг. Роботын мэс заслын тусламжтайгаар хүн, мэс засалч эмч өөрөө өвчтөн дээр өндөр технологиудын нарийвчилсан дэмжлэгүүдийг ашиглаж хагалгаа хийж байгаа юм. Хамгийн гол гурван чухал зүйл нь нэгдүгээрт Роботоын мэс засал бол 3D технологи, Дурангийн мэс засал бол 2D технологи байдаг. Тэгэхээр аливаа зүйлийн наана байгаа  эрхтэн эсвэл гүнд багаа эрхтнийг ялгаж салгахад энэ 3D технологи маш өндөр нягтаршилаар үзүүлдэг. Тэгэхээр эмч өөрөө нүдээрээ бодитоор харж байгаа эмэтээр хэвлий дотор тэр дуран орж байдаг. Хоёрдугаарт, зөвхөн хоёр гараараа биш гуравдагч гаруудаар хагалгаан дээр зэрэг туслах ийм боломжийг бүрдүүлж өгдөг учраас нийт мэс заслын эмчид нэмэлт гар туслах боломжийг шууд олгодог. Гуравдугаарт дурангийн мэс заслыг Монголын үх эмч нар мэднэ. Шулуун багаж бол чигээрээ хөдөлгөөнтэй, эсвэл хөндлөн босоо тэнхлэгт хөдөлгөөн хийдэг. Роботын мэс заслын үндсэн багажны давуу тал бол хүний бугуйн хөдөлгөөнийг дагаж хөдөлдөг. Ингэснээр 360 грудаст бугуйгаараа ажиллаж байгаа мэт адилхан үйлдэл, хөдөлгөөн хийдгээрээ мэс заслын явцыг болон цаг хугацааг, өвчтөнд гарч болох хүндрэл, эрсдэл, хагалгааны техникүүдэд сайжруулалт хийж өгсөн Updated технологи болж өгч байгаа юм. Ингэж 3 том технологи шингэснээрээ Роботын мэс засал нээлттэй мэс засал болон дурангийн мэс заслаас ялгаатай болж байгаа юм. Тэгэхээр Монгол улсад шинэ технологи зөвхөн нэвтрээд зогсоогүй, мөн шинэ хагалгааг бид эхлүүлээд зогсоогүй хамгийн чухал нь монгол хүн дэлхийн өндөр технологийн энэ эмчилгээг гадаад оронд биш эх орондоо хүртдэг. Мөн аюулгүй хүртэх энэ боломжийг бүрдүүлж байгаагаараа Роботын мэс заслын онцлог юм.    

    Эрүүл мэндийн яамнаас зонхилон тохиолдож буй долоон төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсад хорт хавдар хүн амын нас баралтын 20 гаруй хувийг эзэлж байна. 2024 оны статистикаар 8169 хүн хорт хавдраар оношлуулж, 4500 хүн энэ өвчний улмаас хорвоог орхижээ.  Манай улсад хорт хавдраар оношлуулж буй иргэдийн 65 хувь нь өвчнийхөө хожуу үедээ буюу эмчлэгдэх боломжгүй үедээ оношлуулсан байна. Иймд ЭМЯ-наас “Хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэх хөтөлбөр” хэрэгжүүлж, хожуу оношлуулж байгаа 65 хувийг 55 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Тухайлбал, Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 хувь нь Ази тивд бүртгэгддэг байна. Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр Азидаа 4, хавдрын шалтгаант үхлийн тохиолдлоор 5-д бичигддэг. Монгол Улсад жилд 400-500 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогддог гэх статистик бий. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 11 настай охид болон хөвгүүдэд хийж эхэлсэн бөгөөд 2026 онд 20 мянган эмэгтэйг хүний папиллома вирус илрүүлэх PCR шинжилгээнд хамруулах юм. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 болон 40 насны нийт 45 мянган эмэгтэй байна.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор, профессор Ц.Батболд: Монгол улсад 7 төрлийн хавдрын эрт илрүүлэг эхлэх гэж байна. Үүнтэй холбоотой Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг яаж явуулах ёстой талаар ДЭМБ-ын болон ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр хэлэлцүүлэг хийж байна. Үүнд ДЭМБ-ын гаргасан стратегийн дагуу 90 70 90 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ нь 15 наснаас доош насны охидыг Умайн хүзүүний папилома вирусын эсрэг вакцинд 90 хувь хамруулах шаардлагатай байна. 70 хувь гэдэг нь өндөр мэдрэг шинжилгээнд хүний папилома вирусыг тодорхойлох шинжилгээнд 30, 40 насны зорилтот эмэгтэйчүүдийг хамруулах шаардлагатай байна. Илэрсэн тохиолдолд эмчилгээг 90 хувь хүртэл хийх, хамруулах шаардлагатай байна. Ингэснээр 2050 он гэхэд Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 100 мянган тохиолдолд 4 хүрэх, нас баралт огцом буурна гэсэн судалгааны мэдээлэл бий. Үүнд хүрэхийн тулд яаж ажиллах ёстой вэ гэхээр үе шаттай арга хэмжээнүүдийг аваад явж байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, амаржих газрууд нийслэлд үйл ажиллагаа явуулж эрүүл мэндийн анхан шатны өрхийн эмнэлгүүдэд мэдээлэл өгөөд байна. Манай орны хувьд 2025 оны статистик мэдээллээр 551 эмэгтэй өвчлөлд 171 эмэгтэй нас барсан гэсэн тоон үзүүлэлт байна. Умайн хүзүүний хорт хавдар урьдчилан сэргийлээд нас барахгүй байж болох ийм хавдрын тоонд ордог.              

     Хөтөлбөрийн хүрээнд манай иргэдийн дунд зонхилон тохиолдож буй элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, бүдүүн гэдэс, уушгины хорт хавдрын урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээг хүн амын нас, хүйс, эрсдэлт хүчин зүйлийн онцлогт нийцүүлэн төлөвлөлтийн дагуу 2028 он хүртэл үргэлжлүүлнэ. 

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт Зүрх судасны төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-II, Төвийн бүсэд Халдварт өвчин судлалын үндэсний төв-II, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотод Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг байгуулах бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн байна. Эдгээр есөн төслийн хоёрыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр, долоог гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Үзсэн: 33

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна