Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг танилцуулав
Сайд Л.Энх-Амгалан өмнөх удирдлагуудын эхлүүлсэн үр дүнтэй, сайн туршлагыг үргэлжлүүлэн хөгжүүлж, бодит үр дүнд хүргэх нь зүйтэй хэмээн онцолсон байна
Боловсролын дэд сайд асан Д.Гантулга болон сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Алтансор нартай Боловсролын сайд Л.Энх-Амгалан уулзлаа. Уулзалтын үеэр боловсролын салбарт өмнө нь хэрэгжүүлж байсан бодлогын залгамж чанарыг хадгалах, үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Сайд Л.Энх-Амгалан өмнөх удирдлагуудын эхлүүлсэн үр дүнтэй, сайн туршлагыг үргэлжлүүлэн хөгжүүлж, бодит үр дүнд хүргэх нь зүйтэй хэмээн онцолсон байна. Дэд сайд асан Д.Гантулга нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг танилцуулж, уг төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласнаа дурдлаа. Тэрбээр энэхүү хуулийн зорилго нь хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал, эрхийн хамгааллыг цогцоор хангах, нийгмийн сүлжээ ашиглалттай холбоотой харилцааг илүү тодорхой, зохицуулалттай болгоход чиглэж байгааг онцлов. Мөн хүүхдийг цахим дарамт, дээрэлхэлт, заналхийлэл, хувийн мэдээллийн зүй бус ашиглалт, сөрөг контентын нөлөөлөл зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг тусгасан талаар болон энэ чиглэлээр хийсэн судалгаа, олон улсын сайн туршлагын талаар дурдав.
Үзсэн: 53
Tweet