Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2026
Монгол

Шинэ мэдээ

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номыг “Чингис хаан” үндэсний музейд нээлээ


Densmaa 2026-04-15 12:04

“Монгол” хэмээх нэр өрнө дахины хэлнээ “Mongolia” болж өөрчлөгдсөн цаг үе нь XYII-XYIII зуун аж

      “Монгол хэмээх нэрийн судалгаа” номыг “Чингис хаан” үндэсний музейд нээлээ. Энэхүү бүтээл нь цаашдын олон судалгаа, санаачилгын суурь үндэс болж, улам өргөжин хөгжих боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог болохыг судлаачид онцолж байв. “Монгол” хэмээх нэр түүх сурвалжид хамгийн анх дурдагдсанаас авахуулаад XX зуун хүртэл олон хэлний эх сурвалж, архивын баримт, газрын зурагт хэрхэн тэмдэглэгдсэнийг тодруулжээ. Үүнд, монгол хэлний түүхэн сурвалжууд, монгол, тод, дөрвөлжин бичиг, хятад ханзаар тэмдэглэгдсэн дурсгалууд төдийгүй дорно дахины хятад, япон, солонгос, перс, турк хэлээрх эх сурвалжууд, өрнө дахины англи, франц, орос, герман, чех, итали, испани зэрэг 10 гаруй хэлээрх баримтад тэмдэглэгдсэн "Монгол" хэмээх нэрийг харьцуулан нягталсан байна. Тэгэхдээ уг бүтээл нь “Монгол” хэмээх нэрийн гарал үүслийг тайлбарлахад чиглэсэн бус, харин түүхэн сурвалжуудад хэрхэн уламжилж ирснийг баримтаар өгүүлжээ. Судалгааны гол үр дүнгийн нэг нь олон улсад хэрэглэж буй “Монголиа” гэдэг нэрийн утга, хэлбэрийг тодруулсан явдал юм. Өөрөөр хэлбэл, “Монгол” хэмээх нэр өрнө, дорны хийгээд монгол хэлээрх сурвалжууд, архивын баримтыг мөшгөн нягталсны эцэст Монгол Улс, Монгол Улсын иргэнийг илэрхийлэхдээ уугуул нэрд нь нийцүүлж “Монгол” гэж бичиж хэвшүүлэх нь зохистой хэмээх саналыг хэл, түүхийн эрдэмтэд дэвшүүлжээ. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, “Монгол” хэмээх нэр өрнө дахины хэлнээ “Mongolia” болж өөрчлөгдсөн цаг үе нь XYII-XYIII зуун аж. Түүнчлэн латин хэлний “-ia” дагавар нь газар орны нэр үүсгэх дагавар тул “Монголиа” гэдэг нь “Монголчуудын орон” гэсэн утгыг агуулах аж. Иймд эх сурвалж, баримтуудад 1000 орчим жил өөрчлөлтгүй явж ирсэн жинхэнэ дуудлагыг нь харгалзан үзэж, цаашид Монгол Улс, Монгол Улсын иргэнийг илэрхийлэхдээ уугуул нэрэнд нь нийцүүлж "Mongol" гэж бичиж хэвшүүлэх нь зохистой хэмээн үзжээ. 

Үзсэн: 4065

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна