Монгол сарлагийн сүүгээр олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Монгол–Польшийн хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн салбарт өргөжиж байна.
Бүгд Найрамдах Польш Улсын Краков хот дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консул Ц.Уртансангийн санаачлан хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Монгол–Польшийн харилцаа хөдөө аж ахуй, шинжлэх ухаан болон соёлын салбарт бодит үр дүнд хүрч, шинэ боломжуудыг нээж байна. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаанд тулгуурласан хамтын ажиллагаа Монгол Улсын Архангай аймаг болон Польшийн Малопольска мужийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн салбар, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн бус, шинжлэх ухаан, технологи болон соёлын солилцоог давхар хөгжүүлж байгаагаараа онцлог юм.

Судалгааны ажлын хүрээнд Варшав хот дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачид Монгол сарлагийн сүүнд нарийвчилсан лабораторийн шинжилгээ хийж, түүний найрлага дахь уураг, тослог, кальци болон бусад эрдэс бодис, бичил элементүүдийг тодорхойлсон байна. Судалгааны дүнгээр сарлагийн сүү нь өндөр шим тэжээлтэй, биологийн идэвх өндөртэй түүхий эд болох нь батлагджээ. Энэхүү шинжилгээнд тулгуурлан Европын бяслаг үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг ашиглан сарлагийн сүүгээр хоёр төрлийн бяслагийг туршилтын журмаар амжилттай үйлдвэрлэсэн нь чухал үр дүнд тооцогдож байгаа юм. Уг бүтээгдэхүүнүүд нь амт, бүтэц, чанарын үзүүлэлтээр Европын стандартад нийцэхүйц түвшинд хүрч, Монголын уламжлалт түүхий эдийг орчин үеийн үйлдвэрлэлтэй уялдуулах боломжтойг харуулсан юм. Энэхүү амжилт нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн боловсруулж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгох бодит боломжийг нээж буй чухал алхам юм.


Үзсэн: 1493
Tweet