“The Silk Road Caravan”-ны нээлт Анталья хотноо боллоо
“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор үргэлжлэх уг аялал 2026 оны 8 дугаар сард болох COP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотод өндөрлөх юм
“Торгоны замын жингийн цуваа” буюу “The Silk Road Caravan” олон улсын санаачилгын албан ёсны нээлт Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо боллоо. Тус санаачилга нь Торгоны зам дагуух бэлчээрийн экосистем, нүүдлийн мал аж ахуй, бүс нутгийн өвөрмөц соёл, амьдралын хэв маягийг дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой юм. “Торгоны замын жингийн цуваа” аялал нь Эр-Рияд хотод болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын COP16 бага хурлаас эхлэлтэй бөгөөд 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах COP17 бага хурлыг холбож буй дэлхийн хэмжээний санаачилга юм. Төслийг “Бэлчээр ба малчдын олон улсын жил-2026” аяны хүрээнд хэрэгжүүлж байна. Аяллын хүрээнд бэлчээр ашиглагчид, малчид, эрдэмтэн судлаачид, НҮБ-ын төлөөлөгчид болон олон улсын түнш байгууллагууд Евразийн улс орнуудыг дамнан аялж, байгалийн болон соёлын өвийн дурсгалт газрууд, уугуул иргэдийн хамтын нийгэмлэгүүдээр зочлох аж. Тэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гангийн эрсдэлийг бууруулах, тогтвортой амьжиргааны сайн туршлагыг баримтжуулж, түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна. Бэлчээрийн экосистем нь дэлхийн хуурай газрын гадаргын талаас илүү хувийг хамарч, хоёр тэрбум гаруй хүний амьжиргааг дэмждэг. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтол, цөлжилт эрчимжиж буй нь дэлхий нийтийн анхаарлыг татах асуудал болоод байгаа юм. Иймд энэхүү санаачилга нь эмзэг экосистемийг хамгаалах, газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд олон улсын хамтын ажиллагаа, анхаарлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор үргэлжлэх уг аялал 2026 оны 8 дугаар сард болох COP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотод өндөрлөх юм.
Үзсэн: 10230
Tweet