Европын Холбооны өдөрлөг - 2026 Дархан-Уул аймагт боллоо
Европын Холбооны 27 гишүүн орны Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд, 70 гаруй байгууллага тус өдөрлөгт оролцсон юм.
1950 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдрийг Европын Холбоо, түүний гишүүн орнууд болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа төлөөлөгчийн газрууд “Европын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Энэ хүрээнд Монгол Улсад суугаа Европын холбооны төлөөлөгчийн газраас “Европын өдөр-2026” нээлттэй өдөрлөгийг анх удаа Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Өдөрлөгт Европын Холбооны 27 гишүүн орны Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд, боловсрол, аялал жуулчлал, визний мэдээллийн байгууллагууд болон Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн 70 гаруй байгууллага оролцлоо. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Дархан хот Унгар, Польш, Болгар, Чех, Словак зэрэг Европын улс орнуудын дэмжлэгтэйгээр анх байгуулагдсан, олон жилийн түүхэн хэлхээ холбоотой хот юм. Тиймдээ ч Европын өдөрлөгийг Дархан хотод зохион байгуулах Дархан-Уул аймгийн засаг даргын санаачилгыг талархан хүлээн авсан” гэлээ.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням: Европын холбоо нь Монгол улсын чухал түнш. Дархан хот нь Европын зургаан улс хамтран босгосон, Европын холбооны хамтын ажиллагааны үр дүнд боссон үйлдвэрийн хот юм. Өнөөдөр Европын бүх төлөөлөл, элчин сайд нар хүрэлцэн ирсэн байна. Мөн Монгол Улсыг хавсран суудаг элчин сайд нар хүрэлцэн ирснээрээ онцлог байна. Европын холбоо Дархан-Уул аймагт III шатлалын эмнэлэг буюу Улсын 1,2,3 дугаар эмнэлгүүдтэй адил түвшний үйлчилгээ үзүүлэх эмнэлэг барих ажил эхлээд явж байна. Мөн Дарханы замын санхүүжилтыг Европын холбоо гаргасан байдаг. Өнөөдөр залуучууд маань боловсролын талаар мэдээлэл авч байна. Бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Ард иргэд маань Европоор аялах таних мэдэх мэдээ мэдээлэл авч байна.
Дарханчууд өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцаж, гишүүн орнуудад суралцах, аялах боломжийн талаар болон шенгений виз хэрхэн авах тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Мөн улс орнуудын үндэсний хоол, амттанаар дайлуулах, урлагийн тоглолт үзэх гээд иргэд, олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ болсон юм.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: Европын Холбоо Дархан-Уул аймагт анх удаа өдөрлөгөө зохион байгуулж байна. Ялангуяа манай дарханчууд их өргөнөөр оролцож байна. Энэ нь их олон талын ач холбогдолтой. Юуны түрүүн Европын Холбооны элчин сайдууд ямар үйл ажиллагаа явуулдаг, Европын Холбооны орнуудад суралцахад юун дээр анхаарах, аялаж зорчиход виз хэрхэн мэдүүлэх гэх мэт маш олон талын мэдээлэл өгч байна. Нөгөө талаас манай бизнес эрхлэгчид Европын Холбооны ямар бизнесийг монголд нэвтрүүлсэн, ямар аж ахуйн нэгж энэ бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа зэрэг мэдээллүүд өгч байгаа нь онцлог байна. Монголын болоод түншлэгч байгууллагууд өргөнөөр оролцож байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн Европын Холбооны олон төслийг нэрлэж болно. Наад зах нь Дарханы хоёр эгнээ автозамын төслийг Европын Холбоо, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн бол одоо Дархан хотод 250 ортой орчин үеийн эмнэлгийн төслийн тендер хэрэгжих шатандаа явж байна. Энэ бол дарханчуудын хүлээж буй мега-төсөл. Мөн Европын Холбооны донор байгууллагуудын “Найрамдал” гэдэг төсөл байна. Мөн ажлын байран дахь жендерийн тэгш байдал гээд төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих гэж байна.
Дархан хотын хөгжил бол зөвхөн нэг хотын түүх бус, Монголын аж үйлдвэржилтийн шинэ үеийн эхлэл байсан юм. 1960–1980-аад онд Дархан хотыг Монголын аж үйлдвэрийн томоохон төв болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд тухайн үеийн социалист орнууд өөр өөрийн технологи, инженерийн шийдлээр хувь нэмрээ оруулсны дотор Польш улсын оролцоо онцгой байр суурь эзэлдэг. Ялангуяа барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт Польшийн тусламж, технологи чухал нөлөө үзүүлжээ. Тухайн үед Польш улсын тусламж дэмжлэгтэйгээр Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлийн зарим шугамыг байгуулж, Дарханы бүтээн байгуулалтын суурийг бэхжүүлсэн байдаг. Эдгээр үйлдвэрүүдэд Польшийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлж, үйлдвэр ашиглалтад орох үед Польш инженер, мэргэжилтнүүд Дархан хотод монгол инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байжээ. Үүний зэрэгцээ 1950-иад оноос эхлэн Монголын олон зуун оюутан Польш улсад уул уурхай, геологи, архитектур, химийн инженер, машин үйлдвэрлэл, барилгын инженер, анагаах ухаан, кино урлаг, хөгжим зэрэг олон салбарт суралцаж эхэлсэн юм. Польшид боловсрол эзэмшсэн монгол инженер, мэргэжилтнүүд эх орондоо эргэн ирж Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг үйлдвэрийн хотуудын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан байдаг. Өнөөдөр ч Монгол–Польшийн боловсрол, соёлын хамтын ажиллагаа үргэлжилсээр байна. Жил бүр монгол оюутнууд Польшийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж, хоёр орны хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан, соёлын гүүр болсоор байна.

“Европын өдөрлөг-2026” өдөрлөгт БНПУ-ын Элчин сайдын яам, БНПУ-ын Өргөмжит консулын газрын хамт олон оролцож, хоёр орны хамтын ажиллагааны талаар танилцуулж, МУИС-ийн Польш хэлний багш польш хэлний сургалтын талаар мэдээлэл өгч, Польшийн ном зохиол, бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байлаа. Бид энэ үеэр БНПУ-ын Өргөмжит консул О.Хулантай уулзаж ярилцсан юм.
БНПУ-ын Өргөмжит консул О.Хулан: Европын өдөрлөг жил бүр Улаанбаатар хотод болдог. Энэ удаа Дарханд болж байгаагаараа онцлогтой байна. Маш олон хүмүүс манай асарт зочиж байна. Монголчууд Польшийн их сургуулийн болон засгийн газрын тэтгэлэг, мөн соёлын хөтөлбөрүүдийн талаар голчлон сонирхон асууж байна. Монгол маань залуучуудын орон учраас хүүхдүүдийн боловсролд ингэж их анхаарч байна гэж бодож байна. Орон нутагт Өргөмжит консулын газартай байхын ач холбогдол нь нэгдүгээрт орон нутагт ажиллаж амьдарч байгаа Польш иргэдийн эрх ашгийг хамгаалах мөн Эрдэнэт болон бусад орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг Польшийн аж ахуйн нэгжүүдтэй холбох явдал юм.
Дархан хотноо зохион байгуулагдсан "Европын холбооны нээлттэй өдөрлөг 2026" арга хэмжээнд ХБНГУ-ын Элчин сайдын яам болон Германы хөгжлийн хамтын ажиллагаа байгууллага оролцож Монголд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, Германы боловсрол болон мэргэжлийн сургалтын боломжийн талаар мэдээлэл өгч байлаа. Мөн Герман улсын тухай асуулт хариултын тэмцээн, виртуал реалити зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байлаа. Өдөрлөгийн үеэр бид ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц-тай уулзаж, орон нутгийн хамтын ажиллагааны талаар асууж сонирхсон юм.

Элчин сайд Хэльмут Кулитц: Герман, Монгол хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Энэ хамтын ажиллагаа 1990 оноос ч өмнө, тухайн үед Зүүн Герман Монголд үйл ажиллагаа явуулж байх үеэс эхэлсэн бөгөөд 1990 оны өөрчлөлт шинэчлэлтийн дараа ч бидний хамтын ажиллагаагаа саадгүй үргэлжилсээр ирсэн. Мэдээж хөдөө орон нутгийн хөгжил энэ хамтын ажиллагааны маш чухал хэсэг байсаар ирсэн. Учир нь Монголын хөдөө орон нутаг хүн амын нягтаршил маш багатай гэдгийг бид бүгд мэднэ. Миний бодлоор Герман, Монгол хоёр орны хувьд хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүс сайн нөхцөлд амьдрах нийтлэг сонирхолтой. Үүний тулд тодорхой хэмжээний дэд бүтэц хэрэгтэй — сургууль, эмнэлэг, зам, ажлын байр гээд олон зүйл шаардлагатай. Тэгвэл бид хамтын ажиллагааны хүрээнд юу хийж ирсэн бэ? Жишээлбэл, хөдөө орон нутгийн политехник коллежуудтай хамтран ажилладаг. Сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, “сургагч багш бэлтгэх” хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг хийсэн. Энэ бол орон нутагт хүчирхэг төвүүдийг хөгжүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлж ирсний нэгээхэн жишээ юм. Дархан хотын хувьд орон нутаг дахь хамгийн чухал төвүүдийн нэг. Би Дархан хотын талаар өндөр сэтгэгдэлтэй байдаг. Би өмнө нь Дарханд хэд хэдэн удаа ирж байсан. Ирэх тоолонд хот хөгжиж, өнгөжин тэлж байгаа нь мэдрэгддэг. Иргэд нь ч ирээдүйгээ өөдрөгөөр хардаг байх гэж бодож байна. Учир нь энд бүх зүйл хэрхэн урагшилж, сайжирч байгааг хараад урам зориг авдаг. Хэрэв Герман улс болон манай хамтын ажиллагаа энэ хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа бол бидний хувьд энэ нь нэр төрийн хэрэг юм.

Өдөрлөгийн үеэр бидний зочилсон дараагийн асар бол Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамны асар байлаа. Энд бид Итали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета-тай уулзаж, өдөрлөгийн талаар сэтгэгдлийг нь сонссон юм.
Элчин сайд Жованна Пиккаррета: Дарханд хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Европын өдрийг Улаанбаатар хотоос гадуур анх удаа тэмдэглэж байгаа нь энэ юм. Ийм онцгой арга хэмжээг нийслэлээс төдийлөн холгүй, Дархан хотод зохион байгуулж байгаад бид үнэхээр баяртай байна. Италийн асар нь оюутан залуус болон нийт хүмүүст Итали улс хэрхэн боловсролын солилцоог дэмжиж, зочломтгойгоор хүлээн авдгийг харуулах зорилготой. Бидний хувьд хүн хоорондын харилцаа, соёлын солилцоог дэмжих нь маш чухал. Тиймээс Италийн Соёлын хүрээлэн болон хамтрагч байгууллагуудтайгаа хамтран үйл ажиллагаагаа танилцуулж байна. Итали улс сонирхол татахуйц дээд боловсролын тогтолцоотой бөгөөд цаашид улам олон монгол оюутан Италид суралцахаар ирнэ гэж найдаж байна. Мөн Монголыг зорих Италийн жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ, Итали руу аялах монгол жуулчдын тоо ч нэмэгдээсэй гэж хүсэж байна. Энэ бүхэн нь хоёр ард түмний харилцаа, соёлын солилцоог улам өргөжүүлэх бас нэгэн сайхан боломж юм.
Тус өдөрлөгт Италийн дээд боловсролын тогтолцоо, их сургуулиудын талаар танилцуулахаар Ромын Сапиенза их сургуулийн (Sapienza University of Rome) төлөөлөл ирсэн байлаа. Орчин үеийн их сургуулийн тогтолцооны эхлэл Италитай салшгүй холбоотой. Италийн Болоньягийн их сургууль (University of Bologna) нь 1088 онд байгуулагдсан бөгөөд Европын хамгийн эртний, тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй их сургуульд тооцогддог. Харин Ромын Сапиенза их сургууль нь 1303 онд Ромын папын зарилгаар байгуулагдсан, 700 гаруй жилийн түүхтэй сургууль юм.

Ромын Сапиенза их сургуулийн улс төр судлалын профессор Маттиа Дилетти: Манай сургууль олон оронтой хамтын ажиллагаатай бөгөөд Монголоос ч мөн оюутнууд суралцдаг. Оюутнууд Италийн Элчин сайдын яамаар дамжуулан оюутны виз мэдүүлэх шаардлагатай бөгөөд гадаад оюутнуудад маш нээлттэй, найрсаг тогтолцоотой. Оюутнууд заавал итали хэл сурах албагүй, англи хэлээр суралцах боломжтой. Мөн англи, итали хосолсон хөтөлбөрөөр, эсвэл зөвхөн англи, зөвхөн итали хэлээр ч суралцах сонголтууд бий. Манайд хүмүүнлэгийн ухаан, технологи, инженер, физик зэрэг бүхий л чиглэлийн сургуулиуд бий. Италийн хойд хэсэгт маш эртний, нэр хүндтэй сургуулиуд ч байдаг. Тухайлбал, Турин, Миланы политехникийн сургуулиудыг нэрлэж болно. Итали бол зөвхөн загвар, тансаг хэрэглээний орон биш, мөн аж үйлдвэрийн орон юм. Хэрэв шинжлэх ухаан, инженерийн чиглэл сонирхож байвал Италид маш сайн инженерийн сургуулиуд бий. Италид Феррари, Ламборгини зэрэг дэлхийд алдартай автомашины үйлдвэрүүд байдаг. Манай автомашины үйлдвэрлэл, механикийн салбар маш хөгжсөн. Харин түүх, урлаг зэрэг хүмүүнлэгийн чиглэлээр суралцахыг хүсвэл Итали хамгийн тохиромжтой газар. Бид Италид монгол оюутнуудтай уулзахдаа үргэлж баяртай байдаг. Ойрын ирээдүйд улам олон монгол оюутан ирнэ гэж найдаж байна.
Европын өдөрлөгийн үеэр Монгол Улсад тун удахгүй зохион байгуулагдах COP17 хурлын талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудалд олон нийтийн оролцоо ямар чухал болохыг онцолж байлаа. Энэ хүрээнд бүтээлч оролцоо, ногоон хөгжил, хамтын ирээдүйн үнэ цэнийг илэрхийлсэн “Бид бүтээж чаддаг” ханын зургийг Дархан хотод хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн өдөрлөгийн турш Европын соёл, боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөрүүд, хөгжмийн үзүүлбэрүүд, залуу уран бүтээлчдийн тоглолт, 15–18 насны өсвөр үеийнхний дунд зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг олон нийтэд зориулсан сонирхолтой арга хэмжээ өрнөсөн юм.

Европын өдөрлөгт хүрэлцэн ирсэн залуучууд, эцэг эхчүүд Европын Холбооны боловсролын хөтөлбөрүүд, Европын их сургуулиудад суралцах боломж, Erasmus+ болон олон улсын тэтгэлэгт төсөл, хөтөлбөрүүдийн талаар түлхүү сонирхон мэдээлэл авч байлаа. Мөн оюутан солилцоо, ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр, багш судлаачдын хамтын ажиллагаа, олон улсын боловсролын түншлэлийн боломжууд иргэдийн анхаарлыг ихээхэн татаж байсан юм.
Отгонтэнгэр их сургуулийн аялал жуулчлалын багш Сайханбаяр: Европын Холбооны санжүүлжилтээр хэрэгжүүлж байгаа төслүүдээ танилцуулж байна. Ажлын байранд суурилсан дадлага зэрэг танилцуулга байна. Манай сургуульд суралцаж байгаа оюутнуудын тухайд эдгээр төсөлд хамрагдаж үр шимийг хүртэх боломжтой. Дан ганц оюутнууд гэхгүй ахьсан түвшин болон багш нар хамрагдаж болно. Ахьсан түвшинд гадаадад тэтгэлэгтэй суралцах мөн Европын Холбооны их сургуулиудад тодорхой семестрт суралцаж болно. Энэ хөтөлбөр ЕХ-ны сайн туршлага болсон.

Тус өдөрлөгөөр Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг иргэд олон нийтэд танилцуулсны нэг нь Монгол Улс-Европын Холбооны “Ойн түншлэл” санаачилга байлаа. Энэхүү санаачилгын хүрээнд ойн салбарын хөгжил, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Бугант Нандин” болон “Домогт Шарын Гол” ойн мэргэжлийн байгууллага, баялаг бүтээгчидтэй хамтран оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар олон нийтэд сурталчилан танилцуулсан юм.
“Бугат нандин” компаний захирал С.Батсүх: Манай компани Европын Холбооны Ойн түншлэлд уригдан оролцож байна. Модыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгохоор 2007 оноос ажиллаж байна. Бидний хийж буй ажил маш их үр дүнтэй болж, бүтээлээрээ оролцож байгаад баяртай байна. Монгол улсад модыг зөв зохистой ашиглаж болдог юм байна гэдгийг харуулж байна. Нөгөө талаар олон хүнийг ажлын байраар хангаж байна. Жишээ нь бүрэн тавилгатай найман ханатай гэр хийхэд олон хүн хүч хөдөлмөр ордог. Бүх сийлбэрийг гараар хийдэг. Манай брэнд бүтээгдэхүүн “Хүннү гэр”. Гэр тус бүр нь өөрийн гэсэн донж маягтай, тавилгатай, сийлбэртэй байдаг. Монголын өв соёлыг монголд төдийгүй дэлхийд гаргахын төлөө хичээж ажиллаж байна.

Ийнхүү Дархан хотноо анх удаа зохион байгуулагдсан “Европын өдөрлөг-2026” арга хэмжээ нь Европын Холбоо болон Монгол Улсын хамтын ажиллагаа зөвхөн улс төр, эдийн засгийн түвшинд бус, иргэдийн өдөр тутмын амьдрал, боловсрол, соёл, орон нутгийн хөгжилтэй улам бүр ойртон холбогдож буйг харууллаа. Дархан хотын бүтээн байгуулалтын түүхэнд Европын орнуудын оруулсан хувь нэмэр өнөөдөр ч шинэ агуулгаар үргэлжилж, боловсрол, инноваци, тогтвортой хөгжил, залуучуудын оролцоогоор дамжин шинэ үеийн хамтын ажиллагааны гүүр болон өргөжиж байна.



Үзсэн: 892
Tweet