Төв аймгийн Сэргэлэн суманд “Адууны эмнэлэг барих төсөл” хэрэгжүүлэх санал дэвшүүлэв
Сэргэлэн суманд уяачид олноор нутаглаж, адууны аж ахуй түлхүү хөгжсөн тул мэргэшсэн мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай байгааг онцоллоо
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Засаг дарга Л.Төмөрчөдөр БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төв аймгийн Сэргэлэн суманд “Адууны эмнэлэг барих төсөл” хэрэгжүүлэх санал, төслийн ач холбогдлын талаар танилцуулсан байна. Тэрбээр Сэргэлэн суманд уяачид олноор нутаглаж, адууны аж ахуй түлхүү хөгжсөн тул мэргэшсэн мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай байгааг онцоллоо. Мөн уг эмнэлэг ашиглалтад орсноор адууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ мал эмнэлгийн чиглэлийн сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэх боломжтойг дурдсан байна. Дашрамд дурьдахад, Төв аймгийн Сэргэлэн суманд 800-аад өрхийн 2000 иргэн оршин суудаг бөгөөд 170 мянга гаруй мал сүрэгтэй, адууны аж ахуй түлхүү хөгжсөн бүс нутаг юм.
Үзсэн: 553
Tweet