Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Турк үндэсний хоолны соёл, уламжлалыг танилцууллаа


Densmaa 2026-05-28 10:05

Энэхүү өдөрлөгийг Бүгд Найрамдах Турк Улсын тэргүүн хатагтай Эмине Эрдоганы ивээл дор жил бүрийн тавдугаар сарын 21-27-нд дотооддоо болон хилийн чанадад зохион байгуулдаг.

    Энэ жил дэлхий даяар тав дахь удаагаа болж буй уг өдөрлөгийг тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас “Нэг ширээн дээрх өв” сэдвийн хүрээнд зохион байгуулах болсноо зарласан юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэл Турк хоолны өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “2022 оноос хойш Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тавдугаар сарын гурав дахь долоо хоногийг “Турк хоолны долоо хоног” болгон тэмдэглэж байна. Энэ хүрээнд бид жил бүр Туркийн уламжлалт хоолнуудыг бүс нутгийн болон тодорхой сэдвийн хүрээнд танилцуулдаг. Энэ жил Турк айлын өдөр тутмын ширээн дээр байдаг хоолнуудаас бэлтгэлээ. Энэ боломжийг ашиглан Турк хоолны онцлогийн талаар товч дурдмаар байна. Турк хоол нь үндэсний онцлог, түүхэн туршлагыг шингээсэн өв соёл дээр суурилдаг. Анатолийн нутагт оршин тогтнож ирсэн олон соёл иргэншлийн баялаг өв болон түүний үр дүнд бий болсон олон төрлийн жор нь Турк хоолны үндэс суурийг бүрдүүлдэг. Тиймээс Турк хоолыг зөвхөн кебаб эсвэл баклавагаар хязгаарлаж ойлгож болохгүй. Мэдээж өнөөдрийн цэсэнд гэрийн баклава ч бас багтсан байгаа. Турк хоолны гол онцлог нь тэнцвэртэй, эрүүл хооллолтод суурилсан жорууд, шинэ жимс ногоо болон даршилсан бүтээгдэхүүнүүд юм. Мөн хүнсний бүтээгдэхүүнээс хог хаягдал гаргахгүй байх уламжлал нь Турк хоолны бас нэгэн чухал шинж. Орцонд орсон бүх бүтээгдэхүүнийг зэрэг эсвэл дараалан бэлтгэдэг хоолнуудад бүрэн ашигладаг. Турк соёлд хоолны ширээ нь гэр бүлийнхэнтэйгээ нэгэн дор цуглах хамгийн чухал орон зай байдаг. Мөн хоолны жорууд нь үеэс үед ширээний ард уламжлагдан дамждаг. Ерөнхийдөө Турк хоол нь цаг хугацаанаас үл хамаарах тэнцвэртэй жор, тогтвортой байдлыг эрхэмлэсэн онцлогоороо дэлхийн гастрономи болон байгаль орчны өнөөгийн чиг хандлагыг илэрхийлдэг. Товчхондоо, Турк хоолны хамгийн тод шинж нь “эрүүл хооллолт” болон “хаягдалгүй гал тогоо” юм. Та бүхэн бидний бэлтгэсэн хоол болон Турк айлын ширээний халуун дулаан уур амьсгалыг мэдэрнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Турк тогооч Энгин Кожатепе Турк үндэстний гал тогоонд үеэс үед өвлөгдөн ирсэн нэгэн хоол болох манти-г танилцуулсан юм. Манти нь гурилын зуурмагийг маш нимгэн элдэж, жижиг жижиг болгон гараар нэг бүрчлэн чимхэж хийдэг онцлогтой. Дотор нь тусгайлан бэлтгэсэн татсан махны шанз хийдэг бөгөөд Туркийн Кайсери нутгийн уламжлалт хоолонд тооцогддог. Манти нь эв нэгдэл, хамтын ажиллагааг илэрхийлдэг. Учир нь энэ хоолыг ихэвчлэн гэр бүлээрээ эсвэл олуулаа хамтран, гарын жижиг нарийн ажиллагаагаар хийдэг. Мантыг чанаж болгосны дараа сармистай тараг болон хуурай гаа цацаж хэргэлдэг. Энэ нь Турк гал тогооны маш чухал, онцгой байр суурь эзэлдэг уламжлалт хоолнуудын нэг юм. Мөн бидний өв уламжлалт хоолнуудын нэг бол Кешкек болон Тандыр. Энд бид энэ хоёр хоолыг хослуулан бэлтгэсэн гэлээ.

Туркийн алдарт Кешкек нь эртний түүхтэй, нүдсэн улаан буудайгаар хийдэг уламжлалт хоол юм. Ихэвчлэн махны шөл эсвэл тахианы шөл хийж, хурим найр, баяр ёслол, наадам зэрэгт өргөнөөр хэрэглэдэг. Кешкекийг удаан хугацаанд зөөлөн гал дээр буцалгаж хийдэг бөгөөд ингэснээр өөрийн цардуулаа ялгаруулж, зөөлөн, суналдсан бүтэцтэй болдог. Дээрээс нь хайлуулсан цөцгийн тосны сүмс нэмж амтыг нь улам баяжуулдаг. Тандыр нь хурганы махыг өөрийнх нь шүүсэнд ойролцоогоор 6–7 цагийн турш маш зөөлөн гал дээр удаан жигнэж болгодог байна. Ингэснээр мах нь зөөлөн, аманд хайлах мэт болдог. Туркийн хоёр нутгийн уламжлалт амтыг нэг дор хослуулсан бөгөөд энэ нь мөн л бидний үндэсний хоолны соёлын нэг хэсэг болохыг Туркийн тогооч Энгин Кожатепе онцолсон юм.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Генч Юксэл нээлтийн үгэндээ, "Турк хоолыг зөвхөн хоол хүнс гэж ойлгох нь хэт өрөөсгөл. Үүний оронд олон зууны турш гэр бүл, хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон соёлын өв" хэмээн ойлгох хэрэгтэйг тодотголоо. Элчин сайд хатагтай Башак Генч Юксэл турк үндэсний уламжлалт болон бэлгэдэлт хоолноос онцлон танилцуулав.

Тэрээр Турк хоолны соёлыг хэд хэдэн сэдэвт авч үзэж болно. Өнөөдрийн энэхүү хоол унд нь олон янзаар бэлтгэгдсэн байгааг тайлбарласан юм. Жишээлбэл, нэг хэсэг нь гурил гурилан бүтээгдэхүүн байна. Гурилаар хийсэн хоол унд гэр бүлийн гишүүн бүрийн хамгийн дуртай зүйл. Гурилаар хоол хийх нь өндөр ур чадвар шаардагддаг. Юун түрүүн гурилаа маш нарийн элдэх шаардлагатай байдаг. Тод жишээ нь манты. Туркийн мантын нь эртнээс уламжлагдан ирсэн түүхтэй. Монголын бууз, банштай төстэй. Монголчууд шиг гурилаа бөөрөнхий нимгэн элдэж бэлтгэнэ. Мөн жижиг дөрвөлжин элдэж бэлтгэнэ. Ингээд гуриландаа амталсан махаа хийнэ. Татсан махаа амтлахдаа монголчуудаас арай өөрөөр буюу турк амтлагч хийнэ. Тэгээд гурилныхаа дөрвөн буланг чимхэнэ. Ингэж хийхээр хурууны өндөг шиг жижигхэн болдог. Ийм баншийг шөл эсвэл усанд буцалгахаар хоёр дахин өснө. Энэ баншийг хийхэд гарын ур чадвар шаардагддаг. Мантыг хийхэд гэр бүлээрээ бүгдээрээ гар оролцож халуун дулаан уур амьсгал дунд хийдэг гэдгээрээ онцлогтой. Турк гал тогооны бас нэгэн онцлог юм гэсэн юм.

Мөн Туркуудын дуртай, амтархан иддэг буряйк гэдэг хоол байдаг. Гурилаа олон давхар, цаас шиг нимгэн элддэг. Ингэж давхарласан гурилын голд нь цөцгийн тос болон бусад амталгааг хийдэг хоол байна. Баклаван нь болохоор амттан. Буряйк нь болохоор давстай. Мөн буряйкны голд татсан мах, бяслаг хийж болно. Төрөл бүрээр хийж болдог. Баклаван нь буряйкны чихэрлэг хувилбар нь. Мөн баклаваны дунд хушга, олон төрлийн самар хийж болдог. Тэгээд шарах шүүгээнд болгосны дараа гаргаж ирээд чихрийн сиропоор дээрээс нь амталж өгдөг.

Турк хоол хийх нь үеэс үед уламжлагдаж ирсэн урлаг юм. Мөн шошны төрлийн хоол байна. Булгур нь турк хоолны гол төрөл. Хийх арга нь болохоор, арвайн будаагаа бөөрөнхийлж, дунд нь татсан мах хийгээд бэлтгэнэ.  Кеш-кек гээд сайхан амттай хоол байдаг. Буудайг удаан хугацаанд чанаж бэлтгэдэг. Туркийн гал тогоонд таван төрлийн бүтээгдэхүүн заавал ордог. Гурилан бүтээгдэхүүн, арвай, хүнсний ногоо, жимс, буудай гэсэн бүтээгдэхүүн орно. Хүнсний ногоог оливын тосонд шарж болгодог. Жимсийг өөр төрлийн амт оруулахын тулд хоол хүнсэнд хэрэглэдэг. Мөн жимсээр олон төрлийн ундаа хийдэг аж.

“Турк хоолны долоо хоног”-ийг 2022 оноос эхлэн хийж эхэлсэн. Монголд төдийгүй дэлхий даяар зарлан тэмдэглэдэг. “Турк хоолны долоо хоног”-ийн үеэр тус улсын Дипломат төлөөлөгчийн газар, соёлын төвүүд өөрийн хоолны соёлыг олон улсад сурталчилж байна.

Үзсэн: 2664

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна