Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 74 дэх жилдээ тэмдэглэнэ
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг НЗДТГ-аас санаачлан нийслэлийн 20 гаруй байгууллага хамтран зохион байгуулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг үзэх боломжтой аж. “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн өдөрлөгийг НЗДТГ-аас санаачлан нийслэлийн 20 гаруй байгууллага хамтран зохион байгуулах юм. Мөн “Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярыг Хүй долоон худагт долоо дахь жилдээ зохион байгуулна. Хүүхдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах юм. Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. Ташрамд дурдахад, манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 74 дэх жилдээ тэмдэглэх гэж байна.
Үзсэн: 1074
Tweet