Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-05-2026
Монгол

Шинэ мэдээ

Кирилл үсэг, Болгарын соёлын өвийг алдаршуулсан баярыг тэмдэглэв


Densmaa 2026-05-29 02:05

Болгар улсын үндэсний баярын нэг болох “Гэгээн ах дүү Кирилл, Мефодий, Болгар цагаан толгой, боловсрол, соёл болон Слав утга зохиолын баярын өдөр”-ийг Улаанбаатар хотноо тэмдэглэлээ.

   “Гэгээн ах дүү Кирилл, Мефодий, Болгар цагаан толгой, боловсрол, соёл болон Слав утга зохиолын баярын өдөр”-ийг нээж Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайдын яамны Хэргийн хамаарагч, хатагтай Александрина Гигова мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Элчин сайд Александрина Гигова хэлсэн үгэндээ, 5 дугаар сарын 24-ний өдөр нь зөвхөн Болгарын үндэсний баяр төдий бус, эрдэм мэдлэг, соён гэгээрэл, бичиг үсэг, соёл урлагийн үнэт өвийг алдаршуулсан онцгой өдөр болохыг онцлов. Тэрээр хүн төрөлхтний оюуны өвийг үеэс үед уламжлан хадгалж, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд бичиг үсгийн гүйцэтгэсэн үүргийг тэмдэглэн, Гэгээн ах дүү Кирилл, Мефодий нарын үйл хэрэг дэлхийн соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдсан юм.

Мөн XI зуунд ах дүү Кирилл, Мефодий нар Слав үндэстнүүдийн бичиг үсэг, боловсрол, соён гэгээрлийн төлөө амьдралаа зориулж, хожмоо соёл, эрх чөлөө, үндэсний нэр төрийг бэлгэдэх өвөрмөц уламжлалын үндэс суурийг тавьсан гэдгийг онцоллоо. Тэдний өв өнөөдөр Болгар улсыг “оюун санааны гүрэн” хэмээн тодорхойлох үндэс болсон хэмээн тэрбээр тэмдэглэв.

    Элчин сайд мөн кирилл үсэг өнөөдөр Монгол Улс болон дэлхийн олон орны албан ёсны бичиг болж, олон зуун сая хүн өдөр тутамдаа хэрэглэж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Европын Холбооны албан ёсны бичгүүдийн нэг болсноор кирилл үсэг нь соёл, түүх, ард түмнүүдийг холбосон амьд өв болон хөгжиж буйг дурдлаа.

Тэрээр Болгарчуудын хувьд тавдугаар сарын 24-ний өдөр нь боловсрол, утга зохиол, соёл урлагийн төлөө хүчин зүтгэдэг багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачид, зохиолчид, уран бүтээлчид болон соёлын өвийг хамгаалан баяжуулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлдэг өдөр болохыг хэллээ. Мөн эрдэм мэдлэг, хүний нөөцийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалтыг нийгмийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үздэгээ илэрхийлсэн юм.

Арга хэмжээний үеэр Болгар, Монголын найрамдалт харилцаа, боловсрол, соёлын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж буй байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв. Тухайлбал Монгол-Болгарын эдийн засаг, соёлын холбоо, 118 дугаар сургуулийн сурагчид, Болгар улсад  төгсөгчдийн холбооны гишүүдэд талархал дэвшүүлсэн юм.

Үзсэн: 1377

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна