Монгол Улсын Ерөнхийлөгч “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа
“Ханбогд кашимер” ХХК Жилд 1,500 гаруй тн самнасан ноолуур боловсруулж, 300 мянга гаруй ширхэг сүлжмэл, мөн тооны нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа. 1998 онд байгуулагдсан “Ханбогд кашимер” ХХК 700 орчим ажилтантай. Жилд 1,500 гаруй тн самнасан ноолуур боловсруулж, 300 мянга гаруй ширхэг сүлжмэл, мөн тооны нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч 300 тн түүхий ноолуур худалдан авсан байна. Үүний зэрэгцээ банкны өндөр хүүтэй зээлээр тоног төхөөрөмжөө шинэчлэн, барилга байгууламж, үйлдвэрийн орчноо сайжруулж, агуулахаа өргөтгөжээ. Тухайлбал, үйлдвэрийн 8 давхар өргөтгөл, үйлчилгээний цогцолбороо ашиглалтад оруулсан. Компанийн удирдлага “Цагаан алт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэй Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа компанийн хамт олонд талархал илэрхийллээ.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуйн нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм. Үүний дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж, самнасан ноолуурын экспорт өмнөхөөс зургаа дахин өсчээ.
Үзсэн: 3934
Tweet