ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгал бүртгүүллээ
Академич С.Чулуун “ЮНЕСКО-д Хүннүгийн язгууртны дурсгалууд бүртгэсэн явдал нь хүн төрөлхтний өв болж байгаагаас гадна анхны төрт улсын түүхээ дэлхийд зөвшөөрүүлcэн үйл явдал боллоо" гэв
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо хуралдаж, Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгал бүртгэлээ. Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол мод-1,2, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалыг судлах ажил “Чингис хаан” үндэсний музейд хэрэгжүүлсэн төсөл үр дүнгээ дэлхийд данслуулж чадлаа. Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганд Монгол Улсаас оролцсон бүрэлдэхүүнийг төлөөлөн ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ, “Хүннүгийн эзэнт гүрний талаар олон жилийн турш судлан шинжилж, түүхийг бодит эх сурвалжаар баяжуулан ойлгох боломжийг олгон, үнэ цэнт байдлыг тодорхойлоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүн гарлаа" хэмээн тодотгов. Хурлын үеэр “Эрдэмтдийн ажлын хэсгийн ахлагч, академич С.Чулуун “ЮНЕСКО-д Хүннүгийн язгууртны дурсгалууд бүртгэсэн явдал нь хүн төрөлхтний өв болж байгаагаас гадна анхны төрт улсын түүхээ дэлхийд зөвшөөрүүлcэн үйл явдал боллоо. Эрдэмтдийн олон жилийн судалгааний үр дүн өнөөдөр гарч байна” хэмээв. Ийнхүү тус музей нь хүн төрөлхтний өвийг хадгалсан музей болж байна. Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон цагаас хойш 2003 онд Увс нуурын ай сав газар, 2017 онд Дагуурын ландшафт, мөн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ.
Үзсэн: 2137
Tweet