Дэлхийн нүүдэлчин малчдын чуулга уулзалт Хэнтий аймагт болов
Тус чуулга уулзалт Баянхонгор, Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Архангай аймагт орон нутгийн малчдын ахуйтай танилцах аялал болон бүсчилсэн хэлэлцүүлгээр үргэлжилнэ
Дэлхийн нүүдэлчин малчдын чуулга уулзалт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Баруун Жаргалантын голд боллоо. “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн” олон улсын жилийн хүрээнд Испани улсын Мадрид хотноо баталсан “Залуу малчдын тунхаг бичиг”-ийг хэлэлцүүлж байгаа юм. Үүнд дэлхийн улс орнуудын 26 малчин, зүүн бүсийн малчидтай туршлага солилцож, нийтлэг тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, малчдын амьжиргаа, бэлчээрийн тогтвортой байдал, хамтын ажиллагааны чиглэлээр нэгдсэн санал, зөвлөмж боловсруулна. Цаашлаад орон нутгийн айлчлал, хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид гурван гол баримт бичгийг боловсруулах юм. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллага болон түншүүдийн дэмжих мэдэгдлийг боловсруулж, малчдын амьжиргааг сайжруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр хамтын үүрэг амлалтыг тодорхойлно. Нийт 102 улс орны нүүдэлчин, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч 240 орчим зочин оролцож буй тус чуулга уулзалт Баянхонгор, Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Архангай аймагт орон нутгийн малчдын ахуйтай танилцах аялал болон бүсчилсэн хэлэлцүүлгээр үргэлжилнэ.
Үзсэн: 834
Tweet