Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-08-2026
Монгол

Шинэ мэдээ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль шилдгүүдээ тодруулав


Densmaa 2026-08-24 01:08

Фестивальд нийслэл, аймгуудын 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчлан таниулжээ

    Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль шилдгүүдээ тодруулж, хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөлөө. Энэ удаагийн наадам нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан, 102 улс хамтран тэмдэглэж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, Монгол Улсад зохион байгуулж буй НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх тухай” конвенцын талуудын 17 дугаар бага хуралтай давхцаж байгаагаараа онцлог байв. ​Фестивальд нийслэл, аймгуудын 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчлан таниулжээ. Хаалтын ёслолын үеэр шилдгүүдийг тодруулж, долоон ай савын хүрээнд шилдэг өвлөн уламжлагч 21 хүнд шагнал гардууллаа. Мөн хамгийн өндөр настай зургаан өвлөн уламжлагч, хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг алдаршуулж шагнал гардуулсан юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан фестивалийг хааж хэлсэн үгэндээ гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, өвлөн уламжлагчдад гүн талархал илэрхийлж, “НҮБ-ын конвенцын хуралд оролцож буй 300 гаруй төлөөлөгч фестивалийн үйл ажиллагаатай танилцаж, монголчуудын соёлын өвийн гайхалтай баялаг, дахин давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий үнэт зүйлстэй нэг дор танилцах ховор боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлэв. ​Цаашид энэ фестивалийг олон агуулга, хэлбэрээр баяжуулж, цар хүрээг нь улам бүр өргөжүүлэн дэлхий дахинд нүүдэлчдийн нэрийн хуудас болсон олон улсын томоохон үйл ажиллагаа болгон хөгжүүлэхийн төлөө зорьж ажиллана гэв.

Үзсэн: 1172

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна