“Номын баяр” энэ сарын 18-нд эхэлнэ
Энэ удаагийн номын баяраар хилийн чанадаас онцлох чухал зочид урьжээ
Монгол Улсын өнцөг булан бүрд амьдардаг номын үнэнч хорхойтнуудын хүсэн хүлээдэг “Номын баяр” энэ сарын 18-нд эхэлнэ. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг тус үйл ажиллагаа 40 дэх удаагаа болох юм. Энэ жилийн баяр Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд болохоороо онцлогтой. Гурван өдөр үргэлжлэх “Номын баяр”-ын үеэр зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ номын нээлт хийх, гарын үсэг зурах өдөрлөг, номын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна. Үндэсний номын баяр нь уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдыг ойртуулах, ном хэвлэлийн салбарыг дэмжих зорилготой томоохон соёлын эвент юм. Энэ удаагийн номын баяраар хилийн чанадаас онцлох чухал зочид урьжээ. Тухайлбал, олон улсын хэвлэлийн салбарт Энэтхэгийг төлөөлөн оролцдог “Aazhi” паблишингийн үүсгэн байгуулагч Сэнтил Натан, Азийн хамгийн том хүүхдийн номын баярын нэг болох “Нами” фестивалийн захирал Фрэд Минн багийнхаа хамт, Японы зурагт номын нэрт зохиолчид болох Хоса Сачиёо, Ито Хироши, мөн Киргизийн нэрт зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Султан Акимович Раев, Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн ерөнхийлөгч асан, гүйцэтгэх хорооны гишүүн Жан Минжөү тэргүүтэн Монголд анх удаа ирж, 40 дэх удаагийн “Номын баяр”-т оролцоно.
Үзсэн: 553
Tweet