Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд Швейцарийн Давос хотноо чууллаа.


Zambaga 2016-01-24 09:01

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд Швейцарийн Давос хотноо чууллаа.

 Олон улсын макро эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, төлөв, глобал түвшинд тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг нэр хүндтэй улс төрч, эрдэмтэн судлаачид, бизнес лидерүүдийн дунд өрнүүлэх зорилготой Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд  Швейцарийн Давос хотноо чууллаа.

          Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг,  “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” “2016 оны төлөв, хандлага” дэлхийн эдийн засгийн лидерүүдийн уулзалт”  зэрэг уулзалтад оролцлоо. Мөн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Аммантай хоёр талын уулзалт хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб бараалхлаа.Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр санал солилцсон байна. Мөн ноён Клаус Шваб Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2017 оны 5 сард манай улсад айлчлах болсноо дуулгалаа.

          Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дарга Ангел Гурия, НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий захирал Ирина Георгиева Бокова, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ёонг Ким, ОУВС-ын гүйцэтгэх захирал Кристин Лагард, Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Ерөнхийлөгч Питер Маурер, Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао болон гадаад орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй   уулзаж хоёр талын  болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

          Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдийг урьж “Монголын үдэш” арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб нар оролцсон байна.Монгол улсын урлаг соёл, өв уламжлал, өвөрмөц онцлогийг сурталчлах боломжийг олгодог энэхүү арга хэмжээ нь дэлхийн нэр хүндтэй  компаниудтай харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээдэг юм. Ер нь манай улс дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч бүрэн хамтран ажиллахыг зорьдог.Чуулга уулзалтад манай улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой.

Үзсэн: 1118

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна