“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн төв байранд тусгай тоглолтоо толилуулав
“The Hu” хамтлаг морин хуур, товшуур, хөөмий зэрэг Монголын уламжлалт хөгжмийн өвийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан уран бүтээлээ тоглож, үндэсний соёлын өвөрмөц онцлогийг олон улсад сурталчлав
Монгол Улсын Соёлын элч, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг Франц Улсын нийслэл Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд “Энх тайвны төлөө дуугаа өргөе” уриан дор тусгай тоглолтоо толилуулав. Тоглолтын үеэр “The Hu” хамтлаг морин хуур, товшуур, хөөмий зэрэг Монголын уламжлалт хөгжмийн өвийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан уран бүтээлээ тоглож, үндэсний түүх, соёлын өвөрмөц онцлогийг олон улсад сурталчлав. ЮНЕСКО-гоос 2022 онд “Энх тайвны төлөөх уран бүтээлч” цолоор өргөмжлөгдсөн “The Hu” хамтлагийн энэхүү тоглолт нь хөгжмийн урлагаар дамжуулан энх тайван, эв нэгдэл, соёлын олон талт байдлыг дэмжсэн онцлох үйл явдал болсон байна. Дашрамд дурьдахад, Улаанбаатар хотод 2016 онд байгуулагдсан тус хамтлаг Монголын уламжлалт хөгжмийн морин хуур, төмөр хуур, хөөмий, хархираа зэрэг өвөрмөц элементийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан, “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхийн хөгжмийн тавцанд таниулсан юм. Өдгөө “The Hu”-гийн уран бүтээлүүд дэлхийн цахим талбарт 900 сая орчим удаа тоглож, олон улсын хөгжмийн томоохон жагсаалтад амжилт үзүүлсээр байна.
Үзсэн: 55
Tweet