Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярилаа
Японы Жайка байгууллагийн мэргэжлийн багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярилаа. Энэ үеэр Япон Улсын Ерөнхий сайд Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр болсонд сайшаалтай хандаж, хамтран ажиллахаа илэрхийлэв. 2027 онд тохиох Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгджээ. Найрсаг харилцаатай улс орнуудын хувьд Монгол, Японы Засгийн газрууд хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов.
Үзсэн: 147
Tweet