Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Берний Их Сургуульд зочиллоо.


Zambaga 2016-03-06 08:03

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Берний Их Сургуульд зочиллоо.

      Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Женев хотноо айлчлах үеэрээ Швейцарийн Холбооны Улсын Берний Их Сургуульд зочилж тус сургуулийн Хүмүүнлэгийн факультетийн Шашны түүхийн институт дахь Монгол судлалын үйл ажиллагаатай танилцлаа. Гадаад хэргийн сайд тус Институтэд зочлоход Берний Их Сургуулийн Ректор н.Мартин Таубэр, Проф.Др.Женс Шлитер мөн Шашны түүхийн институтын дэд захирал, Монгол судлалын профессор Проф.Коллмар-Пауленз нар Берний Их Сургууль, тус сургууль дахь монгол судлалын түүх, судалгааны ажил, сургалтын хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн тус сургуулийн Монгол судлалын чиглэлээрх судалгааны ажилд ашиглагдаж байгаа Швейцарийн эрдэмтэн Эрнст Ричардын өнгөрсөн 40 гаруй жилийн үнэт цуглуулга болох Монголын буддын шашны түүх, соёлтой холбогдох ном судруудыг Гадаад хэргийн сайдад толилуулсан байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус сургуульд зочлох үеэрээ Монгол судлал, орчин цагийн болон сонгодог монгол хэлний чиглэлийн багш оюутнуудтай уулзаж саяхан батлагдсан “Гадаад сурталчилгааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар хилийн чанад дахь Монгол судлалыг цаашид улам бүр дэмжиж ажиллахын төлөө байгааг онцолсон байна. Мөн тэрээр тус сургуулийн Монгол судлалын сургалт, судалгаанд зориулж Монголын түүх, соёлын холбогдолтой ном, судалгааны материалуудыг бэлэг болгон гардуулж өгөв.
           Берний Их Сургуульд Монгол судлалын сургалтыг 1999 оны хичээлийн жилээс эхэлсэн бөгөөд одоогоор 20 орчим Швейцарь болон бусад орны оюутан Монголын шашин судлал, сонгодог монгол хэлний чиглэлээр бакалавр, магистрийн зэрэг горилох хөтөлбөрт хамрагдаж байгаа. Түүнчлэн докторын болон докторын дараагийн зэргийн сургалтад 3 оюутан суралцаж байгаа ажээ. Тус сургуульд Монголын мэдлэгийн соёл, XIII-XX зууны үеийн Монголын соёл, шашны түүх, XVII-XXI зууны Монгол-Төвдийн харилцаа холбоо болон Ганжуурын түүхийн чиглэлээр сургалт, судалгааны ажил хийгдэж байгаагаас гадна сонгодог болон орчин цагийн монгол хэл, төвд мөн санскрит хэлний хичээл заадаг байна.

Үзсэн: 987

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна