Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Хиллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Zambaga 2016-04-21 10:04

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Хиллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

        Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Хиллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд эрхэм зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, Ази, Европын Парламентын төлөөлөгчдийн уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ. Тэрбээр дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг цаашид хадгалах нь Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд чухал хөшүүрэг болно хэмээн үзэж буйгаа тэмдэглэн хэлсэн.

 

УИХ-ын дарга З.Энхболд Унгар Улс Улаанбаатарт Элчин сайдын яамаа сэргээн нээсэн, Ерөнхий сайд Виктор Орбан энэ оны эхэнд айлчилсан зэрэг нь Унгар Улс Монгол Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийлээд Монгол, Унгарын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талын парламентын бүлэг чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гэлээ. Тэрбээр УИХ-ын 22 гишүүнээс бүрдсэн Монгол, Унгарын Парламентын бүлгийн даргаар Унгарт их сургууль төгссөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажилладаг болохыг мэдээлсэн юм.

Түүнчлэн УИХ-ын дарга Унгар Улстай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх, энэ хүрээнд Европын стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж буйгаа онцлон хэлсэн.

 

Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Хиллер, хоёр орны хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад, мөн дээд хэмжээний айлчлал тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Эрхэм зочин сүүлийн хоёр жилд хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилсан, 2016 оны эхээр Унгарын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцолсон юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд, Унгар Улсын тусламж, дэмжлэгээр хэрэгжих Сонгино дахь “Биокомбинат” улсын үйлдвэрийн газарт технологийн иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг эрчимжүүлэх нь энэ салбарын цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг онцлоод, Унгар дахь Монгол судлал нь Европын Холбооны улсууд дотор хамгийн амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ. Тэрбээр, Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд унгарын тал анхаарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд, 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 200 оюутан Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах болсонд талархаж байгаагаа хэлсэн.

 

Ноён Иштван Хиллер, Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн дэргэд олон улс судлалын төвүүд ажилладаг ч монгол судлалын төвийн үйл ажиллагаа өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг болохыг мэдээлээд цаашид усны технологи, анагаах ухаан, техникийн шинжлэх ухааны чиглэлээр оюутнуудыг хүлээн авч сургахдаа таатай байх болно хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад Унгар Улсын Ерөнхий сайд оролцохоор төлөвлөж буйд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үзсэн: 900

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна