Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол улс анхны хиймэл дагуулаа хөргөнө”


Zambaga 2016-04-26 05:04

“Монгол улс анхны хиймэл дагуулаа хөргөнө”

          Хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт технологиудын нэг нь бид бүхний оршин суугаа дэлхий гаригийг тойрон эргэлддэг хиймэл дагуулууд юм.

            Өнгөрсөн 20-р зуун хүн төрөлхтний хувьд сансрын уудмыг эзэмших, таньж мэдэх чиглэлээр дэвшил гаргасан сансрын зуун байлаа. Дэлхийн татах хүчийг даван гарах чадал бүхий анхны тийрэлтэт пуужингаас эхлээд олон шинэ техник, технологийг бий болгосноор 1957 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Оросын судлаач, эрдэмтдийн баг “Спутник” хэмээх хүний гараар бүтсэн анхны хиймэл дагуулыг хөөргөжээ. Ингэснээр сансрын технологийн салбарт шинэ хуудсыг нээжээ.

Энэ цагаас хойш хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл байршил тодорхойлох, цаг агаарын, холбооны, цэрэг армийн, тандан судалгааны зорилгоор 8000 орчим хиймэл дагуул хөөргөөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар 50-иад орны 560 орчим хиймэл дагуул идэвхтэй ажиллаж байгааг АНУ-ын эрдэмтэд тооцоолон гаргаад байна.  

Монголын анхны хиймэл дагуулыг Монгол Улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Гана, Монгол, Бангладеш, Япон, Нигер зэрэг таван улс хамтран ажиллаж байна. Түүнчлэн Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо, нано хиймэл дагуулыг хийж хөөргөх боломж нөхцөлөөр хангах зорилготойгоор олон талын хөнгөлөлт үзүүлж байгаа юм.

Энэ хүрээнд хааш хаашаагаа 10 см хэмжээтэй, 1 литрийн эзлэхүүнтэй бичил хиймэл дагуул бүтээх ажлыг Японы “Кюүшү” технологийн их сургууль хариуцаж, Японд сурч байгаа Монгол оюутнууд болон МУИС-ийн багш, оюутнууд хийж эхлээд байна.

Бид хиймэл дагуул бүтээх их үйлсэд гар бие оролцож байгаа Монгол оюутнуудтай уулзсан юм.  

Намайг Эрдэнэбаатар гэдэг. Кюүшүгийн технологийн институтын докторант. Энэ сургуульд би дараа үеийн тэжээлийн системийн лабораторт судлаачаар ажилладаг. Энэ хиймэл дагуулын төсөл дээр тэжээлийн системийн хэсгийг хариуцан ажиллаж байна.

Намайг Амартүвшин гэдэг. Кюүшүгийн технологийн институтын докторын 1-р курсын оюутан. Иус институтын системийн лабораторийн профессор Асамигийн удирдлаган доор судалгааны ажил хийдэг. Энэхүү бичил хиймэл дагуулын төсөл дээр дүрс боловсруулах системийг хариуцан ажиллаж байна.

Кюүшюүгийн технологийн институтын докторант Төртогтох байна. Миний хувьд сансрын хиймэл дагуулын орчин дахь харилцан үйлчлэлийг судалдаг системийн инженерчлэлийн лабораторид судалгаа хийж байна.        

Уг хиймэл дагуулыг 400 км өндрөөс 100 метр нарийвчлалтай зураг авах, 437 мегагерц долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, 400 км-ийн өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах зорилгоор хөөргөх юм.

Хиймэл дагуул хөөргөх ач холбогдлын талаар МУИС-ийн профессор Ч.Лхагважаваас асууж тодруулсан юм.

Ч.Лхагважав: Шинжлэх ухааныг шүтдэг, шинжлэх ухааныг ойлгодог ард түмэн түргэн хугацаанд хөгждөг түүх байдаг. Хамгийн эхний ач холбогдол нь энэ юм. Дараагийн ач холбогдол нь дэлхийн сонгодог их сургуулиуд бараг бүгдээрээ бичил хиймэл дагуул хөөргөж судалгаа явуулдаг болсон. Тухайлбал эгэл бөөмсийн физик, онолын физик, математик, электроник, атомын физик гээд физикийн тэргүүлэх чиглэлийн бүх салбарууд нийлж судалгаа явуулж байна. Нөгөөтэйгүүр НҮБ-ын гишүүн орнууд хиймэл дагуул хөөргөсөн үү үгүй юу гэдгийг хардаг болжээ. Монголчууд Ж.Гүррагчаа баатрыг анх сансарт нисэхэд хэрхэн баярлаж байлаа. Олимпийн аварга анх төрөхөд хэрхэн баярлаж байлаа. Үүн шиг монголчуудыг огшоох томоохон баярт үйл явдал болох юм.

Хиймэл дагуулыг улс орнууд олон төрлийн зориулалтаар өдөр тутмын амьдрал ахуйдаа ашиглаж байна. Тухайлбал япончууд хаана хэр хэмжээтэй загас байгаа тухай мэдээллийг хиймэл дагуулын тусламжтай авдаг. Газар тариалан хөгжсөн улс орнууд аль байршилд хортон шавьж байна, ойрын хэдэн сард ган ганчиг болох эсэх талаар бүхий л мэдээллээ мөн хиймэл дагуулаас авч, ажлаа төлөвлөдөг.

Манай улс хиймэл дагуул хөөргөснөөр сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, бие даан судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ Монгол орны газрын зургийг сансраас авч, байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Одоогоор Монгол Улс энэ бүх мэдээллийг хиймэл дагуултай бусад улс орнуудаас худалдан авч байна.

МУИС-ийн дэд профессор Д.Улам-Оргих хиймэл дагуулын мэдээг ашиглан байгалийн гамшиг, гэнэтийн эрсдлийн үед хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаа талаар ярьж байлаа.

Д.Улам-Оргих: Хамгийн тодорхой жишээг хэлье. Хиймэл дагуулаас бид ямар нэгэн халуун цэгийг мэдэрлээ гэж бодъё. Тухайлбал ойт хээрийн түймэр гарсан байж болно. Тэгвэл үүнийг яг бодит мэдээллээр 10 секундын дараа, 30 секундын дараа, 1 минутын дараа хэр зэрэг газар авч байна гэдгийг тэр даруй таньдаг. Ингээд хүмүүст мэдээлэл өгнө. Зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй цаг уурын мэдээтэй хамт боловсруулаад энэ түймэр хэр уршигтай талаар, хаана хүрэх талаар гар утсанд нь мэдээлэл өгөх ийм систем бүтээх боломжтой юм.

Тэрээр хиймэл дагуулын давуу талын тухай цааш ярихдаа “Том хиймэл дагуул сансрын хог хаягдал болж байна. Харин манай улсын хөөргөх бичил хиймэл дагуул дараа нь хог болохгүй. Мөн богино хугацаанд бүтээж хөөргөх бололцоотой. Дунджаар зургаан сарын дотор бүтээж болно гэж үздэг. Бусад орны хиймэл дагуулыг бодвол манайх олон үүрэг хүлээсэн. Тодруулбал, зургаан төрлийн үүрэг гүйцэтгэх даалгавартай байх юм. Одоогоор бичил хиймэл дагуул ердөө 1-3 даалгавар л гүйцэтгэдэг. Иймд бусдаас давуу, онцлогтой” гэсэн юм.

Хиймэл дагуул бүтээх, хөөргөхөд 225 мянган доллар шаардлагатай байгаа. Үүнээс газрын станц байгуулах 125 мянган долларын зардлыг Монгол улсын Засгийн газраас, үлдсэн 100 мянган долларын тал хувийг МУИС-ийн үйл ажиллагааны орлогоос гаргахаар болжээ. Харин үлдэж байгаа 50 мянган долларыг олон нийтийн хандиваар босгохоор болсон байна.

Дэлхийн улс орнууд ихэнхдээ анхны хиймэл дагуулаа үндэсний их сургуулиасаа хөөргөсөн байдаг. Манай улс ч гэсэн энэ жишгийн дагуу МУИС-иас хөөргөх юм. Түүнчлэн МУИС дээр хиймэл дагуулын газрын станцыг байгуулж хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авах, өөрийн хиймэл дагуулыг удирдах, хянах боломжтой болно.

Сонирхуулахад, товлосон ёсоор ирэх онд анхны хиймэл дагуулаа хөөргөсний дараа 2019 онд дахин нэг хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөөд байгаа юм.

Үзсэн: 881

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна