Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн хамт олон Японы Кумамото мужийнханд туслах хандивын аянд нэгдлээ


Zambaga 2016-05-05 08:05

“Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн хамт олон Японы Кумамото мужийнханд туслах хандивын аянд нэгдлээ

         Японы Кумамото мужийнханд туслах “Pray for Kumamoto” хандивын ажиллагаа 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Porsche Ulaanbaatar” үзэсгэлэнгийн танхимд боллоо. Уг хандивын ажиллагаа нь байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа Японы ард түмэнд сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлэх зорилготой зохион байгуулагдсан юм. Хангарьд Ротаракт Клуб болон Их Эрэл ТББ-аас зохион байгуулсан  “Pray for Kumamoto” хандивын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори оролцож газар хөдлөлтөөс үүссэн нөхцөл байдлын тухай мэдээлэл өгөв. Байгалийн гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд зориулж Монгол улсын засгийн газраас 50 мянган ам доллар хандивлахаар болсон байна.

Тус хандивын ажиллагаанд МҮОНР-ийн “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн албаны хамт олон агаарын цэнхэр долгионоор байнгын харилцаа холбоотой байдаг Японы ард түмэнтэй сэтгэл зүрх нэгтэй байгаагаа илэрхийлж, хамт олноосоо цуглуулсан мөнгөн хандиваа өглөө. Түүнчлэн “АПУ” ХК, “Бридж” групп, Скай групп, “Витавит” компаниуд ивээн тэтгэгчээр оролцож Тэрэлжээс Улаанбаатар хот руу завиар аялах, Скай ресорт-д шинээр баригдаж байгаа усан гулгуурт нэг өдөр тоглох, хиймэл болон байгалийн хаданд авирах, агаарын бөмбөлгөөр хөөрөх, Поршегийн шинэ загварын машинаар Улаанбаатараас Тэрэлж хүртэл туршилтын жолоодлого хийж, үдийн зоог барих, нэг өдрийн морин аялал хийх эрх зэргийг дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг Кумамото мужийн гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд хандивласан юм. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн байгууллага, хувь хүмүүс хандив өргөж байлаа. Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ болон япон хэлний сургалттай “Шинэ Монгол” сургуулийн сурагчид арга хэмжээний үеэр ая, дуугаа өргөсөн юм.

Байгалийн гамшгийн талаар товч дурдахад Япон улсын Күюшү бүсэд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс үргэлжилж буй хүчтэй газар хөдлөлтүүдээс үүдэлтэй нуранги, байгалийн гамшиг удаа дараа үргэлжилж байгаа юм. Тус аралд 4 дүгээр сарын 14-өөс 28-ны хооронд нийт 1027 удаа газар хөдөлснөөс тус арлын Кумамото мужид хамгийн өндөр буюу 7.3 хүртэлх баллын газар хөдөлж өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

Япон улсад жилд дунджаар 1000 гаруй газар хөдлөлт болдог бол Кюүшү аралд 14 хоногийн дотор 1000 давсан газар хөдлөлт болоод байгаа юм. Үүний уршгаар 49 хүн нас барж, Кумамото мужийн 424 хот суурин газарт олон тооны хүмүүс орон гэргүй болж хорогдох газарт амьдарч байна. Мөн Асо галт уулын дэлбэрэлт үүсэх нөхцөл улам идэвхжиж байгаа юм. Цаг агаар дулаарч, гэрэл цахилгаангүй болсны улмаас хоол хүнсний хадгалалтын горим алдагдаж хорогдох байранд амьдарч буй хүмүүсийн дунд гэдэсний халдварт өвчин тархаж байна. Газар хөдлөлтийн сацуу 7 хоногийн турш хүчтэй бороо орсон нь аврах ажиллагааг улам хүндрүүлж, улмаар хөрсний нуралтыг ихээр нэмэгдүүлж, эвдрэлд орсон цахилгаан станцыг засварлахад бэрхшээл үүсгээд байна.

              Япон улс нь Монгол улсад буцалтгүй тусламж үзүүлдэг тэргүүлэх орон гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Тухайлбал:

- 2011 онд Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөлд 3,305 сая иен

- 2009 онд Ерөнхий Боловсролын Сургуулиудын өргөтгөлд 3,262 сая иен

- 2009 онд Улаанбаатар хотын гүүрэн байгууламжийн төсөлд 3,658 сая иен

- 2015 онд Япон-Монголын сургалтын эмнэлгийн барилгын төсөлд 7,985 сая иенийн тусламж үзүүлж байсан.

       Харин манай улс 2011 онд Японд болсон газар хөдлөлтөд Засгийн газраас нэг сая ам.доллар, 2500 ширхэг дулаан хөнжил хандивлаж, 67,000 хүн хандивын аянд нэгдэж тусламж дэмжлэг үзүүлсэн юм.

Үзсэн: 1024

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна