Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол судлалын олон улсын 10 дугаар Бага хурал АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд боллоо


Zambaga 2016-05-16 09:05

Монгол судлалын олон улсын 10 дугаар Бага хурал АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд боллоо

 Монгол судлалын олон улсын 10 дугаар Бага хурал АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд боллоо. Энэхүү Бага хурлыг Монгол Улсын ЭСЯ, АНУ дахь Монгол соёлын төв хамтран 2007 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн юм. Элчин сайд Б.Алтангэрэл Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол, Америкийн өргөн хүрээтэй харилцаа, түншлэлийг хөгжүүлэн бэхжүүлэхэд ардын дипломат ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүний тодорхой жишээ нь Вашингтон хотноо бидний хамтран зохион байгуулдаг монгол судлалын олон улсын бага хурал юм. Монголын баялаг түүх, хэл, соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулах, улмаар хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд энэ хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж” байгааг тэмдэглэв. Бага хурал Монголын шашин, уламжлалт анагаах ухаан, цаг тооны бичиг, зурхай, түүх архив, хэл уран зохиол, соёл боловсрол гэсэн сэдвээр өрнөлөө. Тухайлбал, МУИС-ийн багш, доктор Ж.Урангуа “ХХ зууны эхэн үеийн Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал”, Индианагийн Их сургуулийн профессор, доктор Кристофер Этвүүд “Найманчуудын хил хязгаар”, Пенсилванийн Их сургуулийн Зүүн Азийн тэнхимийн багш, доктор Нэнси Штейнхард “Ляогийн барилгын онцлог: Монголоос Солонгос хүртэлх дурсгалууд”, АУИС-ийн профессор, доктор Д.Цэрэндагва “Монголын уламжлалт анагаах ухааны сургууль, жаяг”, Доктор Б.Мөнх-Очир “Монголын цаг тооны бичгийн уламжлал”, Нью Йорк дахь Хазар Монголчуудын Академийн судлаач Ишхак Мухамеди “Хазар Монголчууд ба гарал, түүх, соёлын хэлхээ холбоо” зэрэг Монголын дуу хөгжим, яруу найраг, орчуулга, өнөөгийн боловсролын тогтолцооны талаар эрдэмтэн судлаачид  нийт 15 илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн Бага хуралд оролцогчид Конгрессын Номын санд зочилж, Монгол номын үзүүлэнтэй танилцжээ. Өдгөө АНУ-ын Конгрессын номын санд Монголын холбогдолтой 600 гаруй ховор ном, 10300 орчим бүтээл хадгалагдаж байдаг байна. АНУ дахь Монгол соёлын төв нь байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд Монголын соёлыг сурталчлах чиглэлээр хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм.

Үзсэн: 887

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна