Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Герман-Оросын хамтарсан судалгааны экспедицийн археологийн олдворуудыг нийтэд толилуулж байна


Zambaga 2016-05-30 06:05

Монгол-Герман-Оросын хамтарсан судалгааны экспедицийн археологийн олдворуудыг нийтэд толилуулж байна

    Үндэсний түүхийн музейд “Монгол Алтайн мөнх цэвдгийн булш Монголын Пазырыкийн соёл” тусгай үзэсгэлэнгээр Монгол-Герман-Оросын хамтарсан археологийн судалгааны экспедицийн олж илрүүлсэн онцгой сайн хадгалалттай археологийн олдворуудыг олон нийтэд толилуулж байгаа бөгөөд үзэсгэлэн нэг сар үргэлжилнэ.Энэхүү экспедици нь гурван орны шинжлэх ухааны хамтын ажиллагааны маш үр дүнтэй ажилласны тод жишээ болж түүхэнд тэмдэглэгдсэн юм. 2004-2006 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт ажилласан Монгол-Герман-Оросын хамтарсан археологийн экспедици одоогоос 2400 жилийн өмнө буюу төмөр зэвсгийн түрүү үед хамаарах эртний нүүдэлчдийн оршуулгын дурсгалуудыг малтан судалсан. Эдгээрийн дотор Олон гүүрийн гол-10 цогцолборын 1-р булшнаас онцгой сайн хадгалалттай бүтэн оршуулга, хүн ба адууны хагас занданшсан оршуулга, мод, арьс шир, үслэг эдлэл, эвэр зэрэг органик эдлэлүүд илэрчээ. Жирийн булшнаас огт илэрдэггүй энэ олдворууд Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох юм.Тухайлбал, Олон гүүрийн булшны үстэй дээлтэй адилтгах олдвор хилийн чанадад ердөө ганц хоёрхон байгаа бол мөн булшнаас илэрсэн модон нум одоогоор мөн үеийн  нүүдэлчдийн ертөнцийн цорын ганц нум болж байна. Энэхүү булшнаас илрүүлсэн органик эдлэлүүдийг Орос, Германы мэргэжлийн лабораториудад сэргээн засварлаж хадгалалтын нөхцлийг хангажээ. Монголын нутагт Пазырыкийн соёлын дурсгалыг малтсан нь 2006 оны дэлхийн археологийн шилдэг 10 нээлтийн нэгээр нэрлэгджээ. Тус үзэсгэлэнд 2005-2013 онд Баян-Өлгий аймагт ажилласан Монгол-Францын хамтарсан судалгааны экспедицийн малтсан Пазырыкийн булшны их хэмжээний олдвороос дээжлэн олон нийтэд үзүүлж байна.Тухайлбал, Хатуу, Сыргаль, Бага Түргэний голын булшнаас гарсан модон сав суулга, гоёл чимэглэлийн зүйлсийг онцлож байна. “Монгол Алтайн мөнх цэвдгийн булш Монголын Пазырыкийн соёл” тусгай үзэсгэлэнд Монголын Пазырыкийн соёлыг төлөөлөхүйц 30 иж  180 гаруй олдворыг дэлгэжээ.

Үзсэн: 942

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна