Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-т


Enkhsuren 2017-04-10 05:04

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэл гутралын талаар ярилцъя” уриан дор тэмдэглэлээ.

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1948 оны 04 сарын 07-нд анх байгуулагджээ. Энэ өдрөөс хойш жил бүрийн 04 сарын 07-ний өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж, уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг. Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэл гутралын талаар ярилцъя” уриан дор тэмдэглэлээ.

  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Ж. Наранчимэг:

Энэхүү уриа ямар утга учиртай вэ гэхээр дэлхийд 300 сая орчим хүн сэтгэлд гутралд автсан байдаг байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 4 хувьтай тэнцүү гэсэн үг. Мөн сэтгэл түгших эмгэгт 300-400 сая хүн нэрвэгдсэн байдаг байна. Өөрөөр хэлбэл бидний сайн мэдэхгүй боловч хүн болгонд тохиолдож болох энэ эмгэгээр дэлхийн нийт хүн амын 7 орчим хувь өвдсөн гэсэн судалгаа байдаг. Энэ тоо баримтаас харахад жишээлбэл 2005-2015 оны хооронд сэтгэл гутрах эмгэгтэй хүмүүсийн тоо 18 хувиар нэмэгдсэн тоо баримт байна. Тэгэхээр сэтгэл гутрал юутай холбоотой вэ гэхээр нийгэмтэй холбоотой. Хотжилт ихсэх, хүн амын тоо нэмэгдэх, насжилт уртсах, ажилгүйдэл, ядуурал гээд олон шалтгаантай байдаг учраас нийгмийн энэ дарамт эргээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.   

Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэц, зан үйлийн 25 эмгэгээс архи болон сэтгэцэд идэвхт бодисын шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэгүүд, шизофрени, сэтгэл гутрах эмгэг, архаг ядаргаа буюу мэдрэл сульдал, нойрны органик бус эмгэгүүд, сэтгэл хөдлөлийн эмгэгүүд түгээмэл оношлогддог байна.

  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Ж. Наранчимэг:

Судалгаанаас харахад, манай улсын 15-65 насны хүн амын 6 хувийг сэтгэл гутрал эзэлж байна. Энэ бол ДЭМБ-ын тусламжтайгаар хийгдсэн Зонхилон тохиолдох сэтгэцийн тархалтын талаар 2013 онд хийсэн судалгааны үр дүн юм. Энэ судалгааг 1984-1992 оны судалгаатай харьцуулаад харахаар сэтгэл гутралын шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн байна. Манай эрүүл мэндийн салбарт 3 шатанд иргэд тусламж үйлчилгээ авдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гээд байгууллага байна. Энэ байгууллага нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дээр сэтгэл судлаач, сэтгэл зүйч эмч нар ажилладаг. Анхан шатны буюу өрхийн, эмнэлэг, сум дундын эмнэлэг өрхийн эмч нар тодорхой хэмжээгээр зөвлөмж үйлчилгээ үзүүлдэг. Мөн бодлогууд байна. Тухайлбал 2015 онд Хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хууль гээд гарсан байгаа. Үүнтэй уялдуулаад Эрүүл мэндийн яам маш олон дэд хөтөлбөрүүд боловсрууллаа. Мөн энэ оны 1 сард Төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлого батлагдсан. Энэ бодлого дээр нийгмийн эрүүл мэндийг 8 гол анхаарах ёстой асуудлын нэг том асуудал болгож оруулсан. Нийгмийн эрүүл мэнд нь дотроо 10 гаруй ангилалтай үүний нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бие даасан асуудал болоод орчихсон байгаа. Мөн Эрүүл мэндийг дэмжих санг дахин сэргээхээр боллоо. Энэ 3 сард удирдамж нь батлагдсан. Энэ нь эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд зориулагдах санхүүжлтийн бас нэг шинэ эх үүсвэр болж байгаа юм.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь дэлхийн улс орнуудад сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чухал тусламж үзүүлдэг. Тус байгууллагаас боловсруулсан баталсан 2013-2020 он хүртэл Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гол зорилго нь сэтгэцийн эрүүл мэндийн таатай байдлыг хадгалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, эдгэрэлтийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, хүн амын сэтгэцийн өвчлөлийг бууруулах болон хөгжлийн бэрхшээлээс сэргийлэхэд оршдог. Энэхүү дэвшүүлсэн зорилго нь манай улсын сэтгэцийн болон бусад салбарын эрүүл мэндийн зорилготой нийцэж байгаа юм.

Манай улсад ажиллаж байгаа ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд байнга тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Түүнчлэн энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулан тус байгууллага олон ажил хийхээр төлөвлөжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Ж. Наранчимэгийн ярьснаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамтай хамтран энэ өдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийт дүүрэг, аймаг, сумдын нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн өсвөр үеийнхэнтэй ажилладаг эмч нарт болон сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан онлайн сургалтыг зохион байгууллаа. Мөн сэтгэцийн болон наркологийн эмч нарт зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хөнгөвчлөхөд чиглэсэн оношилгоо, эмчилгээний интерактив, хичээлийн цахим хувилбарын материалыг 24 сэдвээр боловсруулж, 21 аймаг, 9 дүүргийн эмч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг. Мөн сэтгэл гутралаас үүдэлтэй амиа хорлолт нь нийгмийн тулгамдсан асуудал байдаг. Тэгэхээр цаашид зөвлөлгөө өгөх утас ажиллуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлуудаа хийж эхлээд байгаа юм байна.

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд хийсэн ажлаас дурьдахад, ЕБС болон багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын агуулга, хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг тусгасан байна. Мөн сэтгэцийн эмгэгтэй хүнийг гэр бүл, нийгмийн дунд амьдрах дадал хэвшилтэй болгоход чиглэсэн сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлдэг “Гэр” төв, тусгай тохижуулсан байр нийслэл төдийгүй Ховд, Орхон, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймагт нээгдэж, үйл ажиллагаа нь тогтмолжжээ.

Үзсэн: 1653

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна