Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Монгол - Японы харилцаа 45 жил"


Densmaa 2017-04-11 02:04

Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд 45 арга хэмжээ зохион байгуулна.

    Монгол Улс өөрийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд “Гуравдагч хөрш” орнуудтай нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн.

Япон Улс нь манай улсын гуравдагч хөрш, томоохон хөрөнгө оруулагч төдийгүй эдийн засгийн гол түнш орнуудын нэг.  Хоёр улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” нь Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд худалдаа, эдийн засгийн салбар дахь нэгэн томоохон дэвшил.

Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнэс эрхлэгч, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж, экспортын барааны татварыг үе шаттайгаар бууруулах, худалдаанд учирч буй хориг саадыг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг нэмэгдүүлэх тогтвортой таатай орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Монгол улс 1990-ээд оны эхэн үед зах зээлийн эдийн засагт шилжиж, хүнд хэцүү үеийг даван туулахад Япон Улс, Японы ард түмэн хамгийн ихээр тусалж, дэмжиж ирсэн орнуудын нэг.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд  Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад 3 удаа албан ёсны айлчлал хийхдээ хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай шат ахин хөгжиж байгааг нотолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монголын экспортыг нэмэгдүүлэх, болон аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн “Эрч нэмэх” санаачилгыг дэвшүүлсэн.

1990-2016 оны хооронд Япон Улсаас Монгол Улсад нийт 262 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд 2015 оны байдлаар Японы 551 аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэгдэж, үйл ажиллагаа  явуулж иржээ. 

Японы хөрөнгө оруулалттай банк, хөрөнгө оруулалтын сан, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжиж, Тоёота, Хитачи, Фужи Ксерокс, Ниссан, Кавасаки, Сузуки, Бриджстоун зэрэг японы томоохон аж ахуйн нэгжүүдийн албан ёсны дистрибьюторууд манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд японы томоохон аж ахуйн нэгжүүд манай улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, цаашид хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр нэмэгдэх хандлагатай байна. 

Манай улс Япон Улстай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх, өөрийн орны экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмал болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Япон Улсын өндөр технологийг нутагшуулахыг зорьж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол, Японы ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байна.

Тиймээс хоёр орны найрсаг харилцаа, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа нь зөвхөн төрийн байгууллага хооронд хязгаарлагдахгүй, хувь хүмүүс болон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын хоорондын харилцаа чухал тулгуур байх үүрэгтэй билээ.

Энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45, Японы сайн дурын ажилтнууд Монголд ажиллаж эхэлсний 25, ЖАЙКА төлөөлөгчийн газар Монголд нээгдсэний 20, Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсаны 15 жилийн ой тус тус тохиож байна. Ойн арга  хэмжээний хүрээнд Японы элчин сайдын яамнаас хэд хэдэн томоохон ажил зохион байгуулж байна. Энэ тухай Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Боловсрол, Соёлын хэлтсийн дарга Ямамотогоос тодрууллаа.

 Ямамото: Монгол Улсад Японы соёлын арга хэмжээнүүд амжилттай болж байна. Саяхан “UB Kimono Fashion show” болсон. 

 Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан  хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын удирдлагыг харилцан айлчлуулах, Монгол, Японы харилцааны түүхэн хөгжлийг харуулсан баримтат кино, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, товхимол гаргах, Япон Улсад Монгол хувцасны шоу, Монголын ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулахаас гадна Морин хуурын чуулгын тоглолт, Монгол Улсад Японы “Комаки балет”-ын тоглолт, “Икэбана шоу” зэрэг урлаг соёлын арга хэмжээ болно.

Мөн хүүхэд залуучуудын дунд Япон орны тухай уран илтгэл, зохион бичлэг, дууны уралдаан зохион байгуулах зэрэг нийт 45 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ирэх долдугаар сард Японы бизнес эрхлэгчид Монголд ирнэ. Бид дипломат харилцаа тогтоосон ойгоо УБ хот төдийгүй Японы хотуудад тэмдэглэн өнгөрүүлнэ. 

Бүтэн жилийн турш зохион байгуулах эдгээр арга хэмжээ нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж Японы ЭСЯ-ны Боловсрол, Соёлын хэлтсийн дарга Ямамото цааш хэлсэн юм.  

Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан манай Засгийн газар чухал ач холбогдол өгч, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэхэд анхаарч байна. Энэ хүрээнд 45 жилийн ойд зориулсан соёлын арга хэмжээ Токио хотын Улсын эрдмийн их театраас гараагаа эхлүүлсэн.

Тус театрын тайзнаа тоглосон “Хунт нуур” бүжгэн жүжигт Монгол улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг уригдан бүжиглэсэн бол Токио Комаки балет  ирэх 6 сард Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан тоглолтоо Улаанбаатар хотноо толилуулахаар болжээ.

Хоёр орны эдийн засаг харилцан нөхөх чадвартай, хамтын ажиллагааны нөөц, боломж ихтэй билээ. Дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг Япон Улсын эдийн засгийн бодит сонирхлыг Монгол Улсад бий болгох, хоёр талын худалдаа, ялангуяа Японы шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх нь манай улсын эдийн засгийн гадаад бодлогод тэргүүлэх ач холбогдолтой юм.

Аливаа улс орон шинжлэх ухаан, техник технологийн салбараа бодлогоор дэмжиж, түүнийхээ үр шимийг хэрхэн хүртэж байгаагаар хөгжлийг нь дүгнэдэг. Оюун ухаан, эрдэм мэдлэгийг дэмжсэнээр хэрхэн хөгжиж болдгийг өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс харж болно. Манай улс инженер техникийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд Япон улстай хамтран ажиллаж байна. Энэ ажлыг Боловсролын яам, Японы Жайка байгууллагатай хамтран эхлүүлсэн.

Ер нь дэлхий дээр инженерийн чиглэлээр хүмүүсээ сайн бэлддэг улс гэвэл Япон, Герман хоёр.  Германы хувьд Германы технологийн их сургуулийг бид эх орондоо байгуулсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 1000 гаруй залууг Японд ойрын гурван жилийн хугацаанд суралцуулахаар болсон сайхан мэдээ бидэнд байна.

 

 

Үзсэн: 1756

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна