Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр


Densmaa 2017-05-03 01:05

“Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ удаа “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

     Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр тохиож байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан төдийгүй энэ өдрийг дэлхий нийтээрээ 24 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм.

“Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ удаа “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. Өөрөөр хэлбэл аливаа асуудалд тайван шударга хандах, нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа юм. Энэ талаар Глоб Интернэшнл төвийн тэргүүн, ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний Хорооны дарга Х.Наранжаргалаас тодрууллаа.

  Х.Наранжаргал: Худал, хуудуутай, ташаа, эргэлзээ мэдээлэл тарахаж байгаа нь   дэлхийн нийтийн сэтгүүл зүйн  тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь сэтгүүл зүйд тулгамдаж байгаа асуудал юм уу эсвэл нэг сорил юм уу гэдэгт дэлхий нийтээрээ анхаарч тэмдэглэх болжээ. Манай улс үүний гадуур байхгүй.  Хариуцлагатай хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй гэсэн тодорхойлолт байдаггүй. Гол үзэл санаа нь ардчиллыг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж иргэд олон нийтээс хэвлэл мэдээлэлд итгэж байгаа итгэлийг хариуцлага гэж ойлгож болно. Эерэг хариуцлага нь төр иргэн, иргэн төрийн хооронд харилцааг байнгийн тасралтгүй үйл явцтай байх гэсэн утгыг агуулдаг.  Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр очихоороо зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол өөрсдийнхөө хэрэглэгчдийн өмнө хариуцлага хүлээж байх тэр ухагдахуун юм.  Иргэд бол хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамгийн чанартай үнэн мэдээллийг хүсэж байгаа. Гэхдээ мэдээжийн хэрэг үнэнийг хэлхэгд амаргүй л дээ. Зарим нь  өөрсдийнх нь зохисгүй үйлдэл зэргийг илчлээд гаргаад тавьчих юм бол сэтгүүлчид бас эрсдэлд ордог. Тийм учраас төрөөс бол  хэвлэл мэдээллийн эрх чөлөөг нь хангаж өгөөд, хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох ёстой. 1998 оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хориглосон  цензурын бүх хэлбэр нь өмчлөлөөрөө дамжиж ирээд редакц доторх цензур нь өндөр. Тэр нь эргээд сэтгүүлчийг өөрийгөө цагдан хянадаг, өөрийн цензур бол маш өндөр болгоход хүрдэг. Эргэх хариуцлага гэхлээр редакцын соёлтой холбоотой.

       Өнөөдрийн байдлаар манай улсад 400-аад хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал 69 радио, 98 сайт, 101 сонин, 86 сэтгүүл гэсэн судалгаа бий. Хэвлэлийн эрх чөлөөний индексийг тодорхойлдог Freedom house  байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улс нь “хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон” гэсэн судалгааг гаргасан байдаг. Мөн Хил хязгааргүй Сурвалжлагчид байгууллага 2017 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарласан байна. Дэлхийн 180 орныг үнэлсэн энэ тайланд Монгол улс  69-р байрт жагсжээ. Өнгөрсөн онд Монгол улсын үнэлгээ 60 дугаар байранд байсан юм. Харин манай хоёр хөрш болох ОХУ 148, БНХАУ 176 дугаар байранд тус тус жагссан байна. Мөн Зүүн Азийн бүс нутагтаа Монгол улс нь Тайвань, Өмнөд Солонгос зэрэг улсуудын дараа гуравдугаарт оржээ. Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөөгөөр Япон улс 72 дугаар байрт орсон нь Монголоос тааруу үзүүлэлт болсон байна. Хамгийн өндөр эрх чөлөөтэй 5 орноор Норвеги, Швед, Финланд, Дани, Нидерланд тодорсон бол хамгийн бага эрх чөлөөтэй 5 орноор Хойд Солонгос, Эритрей, Туркменистан, Сири, Хятад тодорчээ.

          Мөн хувийн хэвшлийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж, хэвлэл мэдээллийн салбарт хувь нэмрээ оруулж байна. Хэвлэл мэдээлэл чөлөөтэй хөгжсөний ачаар иргэд амьдарч байгаа нийгмийнхээ хөгжлийн талаар мэдээлэл сайтай байж, оновчтой шийдвэр гаргах, хууль, шударга ёсыг сахиулах, авилга, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой. Үүний төлөө хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй орчинд зүй зохистой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих чадвартай байх ёстой. Бид зайлшгүй ёс зүйгээ эрхэмлэх учиртай гэдгийг  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б. Галаарид хэллээ.

      Б. Галаарид:  Бид ёс зүйтэй байх уу? үгүй юу ? гэдэг асуудлаа бид өөрсдөө шийдэх ёстой . Тийм ч учраас Монголын сэтгүүлчдийн өөрийн зохицуулалтын байгууллага хэвлэлийн зөвлөл байгуулаад 2 жил боллоо. Монголын сэтгүүлчдийн дагаж мөрдөх ёс зүйн зарчмыг баталлаа. Тэрийгээ дагаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн холбоотой гомдол хэвлэлийн зөвлөлд хүлээж авч дүгнэлт гаргуулж байна гэх мэтээр ёс зүйн асуудлаа бид өөрийн зохицуулалттайгаар шийдэх тал дээр нэлээд амжилттай ажиллаж байгаа. Нөгөө талаараа энэ салбарт ажиллаж байгаа ялангуяа цахим сэтгүүлзүй мэргэжлийн болоод мэргэжлийн бус хүмүүсийг олноор нь авч ажиллуулж байгаа учраас сэтгүүлчдийн ёс зүйг дагаж мөрдөх ач холбогдлыг залуучуудад ойлгуулах ийм шаардлага зайлшгүй байна. Үргэлж анхаарч үргэлж бодож байх ёстой нэг асуудал бол иргэдийн мэдэх эрхийг дээдлэх асуудал юм. Иргэд хэр мэдлэгтэй байна төдий чинээ зөв шийдвэр гаргана, иргэд хүчтэй байвал төр хүчтэй байна гэсэн зарчим явагдаж байна. Иргэдийг мэдлэгтэй, мэдээлэлтэй байлгахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид цаг наргүй ажиллаж байна. Иргэдэд мэдээллийг ямар ч саадгүй, үнэн зөв бодитоор хүргэхийн тулд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарынхны ажиллах орчныг нь эрх зүйн хувьд таатай болгох ёстой. Энд ямар нэгэн хаалт цензур тогтоох нь чухал биш. Харин ч аль болох элдэв төрлийн хаалт дарамтаас нь ангижруулахын төлөө төрөөс анхаарах үүрэгтэй. Тийм ч учраас 1998 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулинд аливаа төрлийн цагдан хяналт байж болохгүй гэдгийг хуульчилж өгсөн.

       Өнөөдөр сэтгүүл зүй үнэхээр засаглал юм бол хүмүүсийн оюун санаанд эерэг зөв мэдээллээр нөлөөлж зөв зүйл рүү хөтлөх учиртай. Сэтгүүлчид мэргэжлийн гэдгээ харуулахын тулд нийгмийн асуудлыг сайн мэддэг, мэдлэг мэдээлэл сайтай байхаас гадна дүн шинжилгээ хийж нэгтгэж дүгнэж байж олон нийтэд мэдээлэх нь чухал гэдгийг “Зинда” сэтгүүлийн зөвлөх редактор Ц.Оюунчимэг онцолж байна.

 Ц.Оюунчимэг: Яг юу болоод байгаа вэ гэдгийг ойлгуулах мэргэшсэн дүн шинжилгээ хийсэн сэтгүүл зүй шаардлагатай. Энэ чиглэлд хөгжих шаардлага тулгарч байна.    Хоёр талын эх сурвалжийг  байр суурийг авч мэргэжлийн  түвшинд ажиллаж байж  маш сайн боловсруулсан мэдээллээ олон нийтэд түгээх юм бол сэтгүүл зүй мэргэжлийн гэдэг нь харагдана.

     Техник технологийн дэвшлээс гадна бодит үйл явдлыг газар дээрээс нь шууд, шуурхай мэдээлэхээс эхлээд ахиц дэвшилтэй зүйл олон. Гэвч  дүн шинжилгээ хийж олон нийтэд  хэрхэн хүргэх вэ? гэдэгт сэтгүүлчид илүү анхаарах учиртай. Өндөр хөгжилтэй орнуудад тухайн мэдээллийг нарийвчлан судалдаг судалгааны баг ажилладаг. Цаашид ийм баг бүрдүүлэх нь чухал болоод байна. Ингэж байж  сэтгүүл зүй судалгаатай  илүү үнэн бодитой мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэдгийг “Зинда” сэтгүүлийн  зөвлөх редактор Ц. Оюунчимэг нэмж хэллээ. 

     Тэртээ 1913 оны 3-р сарын 6-нд Монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан түүхтэй. Өдгөө Монголын үндэсний сэтгүүлзүй 104 жилийн ойтойгоо золгоод байгаа билээ. Монгол улс иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бататгах, хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр 1990 оноос хойш нэлээдгүй амжилтад хүрсэн. 1998 онд Монгол улс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлан гаргасан нь хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчин бүрдүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн юм. Сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол Улсад чөлөөт сэтгүүлзүй хөгжиж байна. Гэсэн хэдий ч Монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн 74 хувь нь улс төрийн хамааралтай байна гэсэн судалгааг гаргажээ. “Цаашид Монгол Улсад олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, чөлөөт өрсөлдөөнийг бий болгохын тулд төвлөрлөөс зайлшгүй урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж үзсэн юм.

      

Үзсэн: 1284

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна