Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бүс ба зам” санаачилгын олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцов


Densmaa 2017-05-15 04:05

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Узбек, Пакистаны Ерөнхий сайдууд ажил хэргийн уулзалт хийлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д хийж буй айлчлалаа өндөрлөж, тус улсад болж байгаа “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо.

   БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гаргасан “Бүс ба зам” санаачилгын олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд хүрэлцэн ирээд байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцохоор ирсэн зарим улсын төр, засгийн тэргүүн нартай албан уулзалтууд хийж байна. Тухайлбал, Тус чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Узбекийн Ерөнхий сайд Шавкат Мирзиёев, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф болон ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

      БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 5 дугаар сарын 13-ны өглөөний цайны үеэр БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, ажил хэрэгч яриа өрнүүлэв. Уг арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Жижиг дунд аж ахуйн нэгжийн олон улсын хамтын ажиллагааны төв хамтран зохион байгуулж, тус улсын 21 аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 50 гаруй бизнес эрхлэгчид оролцов. 

Бизнес эрхлэгчид Монгол Улсад явуулж буй бизнес, хамтын ажиллагааныхаа тухай товч танилцуулж, хөрөнгө оруулахад үүсч буй хүндрэл, бэрхшээлийн талаар саналаа хэлэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын бодлогын талаар танилцууллаа. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” байгуулж, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох, өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй ажиллаж байгааг мэдэгдэв.

Үзсэн: 1404