Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол - Туркийн харилцаа: Стратегийн түншлэл


Densmaa 2026-11-02 04:11

Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 103 жилийн ойг тэмдэглэлээ. Сүүлийн арван жилд Турк, Монголын худалдааны эргэлт дөрөв дахин өсөөд байна.

       Монгол-Туркийн харилцаа МЭӨ III зуунд өнөөгийн Монголын газар нутаг дээр байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхээ авч олон мянган жил өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрчээ. Хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байна. Монгол Турк хоёр улс 1969 оны 6 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Улмаар Туркийн тал 1996 оноос Улаанбаатарт элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаа бол Монгол улс 1997 оноос Анкарад элчин сайдын яамаа нээж ажиллуулж байна.  

Монгол Турк хоёр орны хоорондох улс төрийн харилцааны шинэ үеийн түүхийг сөхвөл 1990 оноос хойш улс төрийн харилцаа идэвхжин сайжирч, хоёр талаас өндөр дээд хэмжээний төрийн айлчлал хийж ирсэн байна. Тодруулбал, манай улсад 1995 онд Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн анхны айлчлал болж байсан бол 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Турк улсад айлчилж байжээ. Манай хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Харин 2025 онд болсон төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн билээ. Энэхүү харилцаандаа манай улс хэр зэрэг өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл нь тус улсыг АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Европын Холбооны нэгэн адил “гуравдагч хөрш”-ийнхөө нэг хэмээн тооцдогоос харагддаг ажээ.

    Энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 103 жилийн тохиож байна. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганаас ойн баярт зориулан ирүүлсэн баярын  мэндчилгээг хүндэтгэлийн хүлээн авалтанд танилцуулсан бол ёслолын хүндэт зочноор Батлан Хамгаалахын дэд сайд Д.Баасандамба уригдан оролцов. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар болон хоёр улсын бизнесийн төлөөлөл, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, түүх, соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг бүхий л салбарын төлөөлөгчид оролцлоо.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэл:   

    Тусгаар тогтнолын төлөөх Туркийн ард түмний тэмцлийн үр дүнд байгуулагдсан Бүгд Найрамдах Турк Улс өнөөдөр бүхий л салбарт итгэл төгс урагшлан хөгжиж байна. Энэ завшааныг ашиглан Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч Мустафа Кемал Ататүрк болон тусгаар тогтнолын төлөө золиос гаргасан нийт баатруудыг гүн хүндэтгэл, чин сэтгэлийн талархалтайгаар дурсан санаж байна. Турк, Монголын ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс улбаатай. Өнөөдөр Турк Улс Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн нэг бөгөөд энэхүү бат бэх суурин дээр тулгуурлан Турк, Монголын харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн онд Турк, Монгол хоёр талт харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх чухал алхам хийсэн. Түүнчлэн бүх түвшний харилцан айлчлалын тоо нэмэгдэж, хамтын ажиллагаанд түлхэц болж байгаад баяртай байна. Турк, Монголын харилцаа эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт бэхжин хөгжиж байна. Сүүлийн арван жилд Турк, Монголын худалдааны эргэлт дөрөв дахин өсөж энэхүү үзүүлэлтийг улам нэмэгдүүлж, хоёр талын эдийн засгийн бүрэн боломжийг нээх нь бидний зорилт юм. Монгол Улстай боловсрол, соёл, түүх, археологийн салбарт олон жилийн турш хөгжүүлсэн нягт хамтын ажиллагаа цаашид ч өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

       2025 онд БНТУ-ын Үндэсний их хурлын Турк-Монголын парламентын бүлгийн гишүүд Монгол улсад айлчилж байсан. Харин өнгөрөгч 10 дугаар сарын сүүлээр УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүд Турк улсад ажлын айлчлал хийжээ. Тус айлчлалын хүрээнд эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэгийн чигэлэлийн хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг Улсын их хурлын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар хэлж байна.

Улсын их хурлын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар:

    Манай хоёр улсын парламент хоорондын харилцаа маш эрчимтэй хөгжиж байна. Парламент хоорондын харилцаанаас гадна бид ойрын хугацаанд эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллалаа. Манай бүлгийн гишүүдийн айлчлалын үеэр Налайх дүүрэг дэх үйлдвэр технологийн парк Анкара хот дахь аж үйлдвэрийн тусгай бүстэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Нөгөөтээгүүр цаашид бид засаг захиргааны нэгжүүд хоорондын харилцааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бидний айлчлалын хүрээнд Архангай аймаг Турк улсын Орду хоттой соёл, эдийн засаг, бизнес, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар тохирлоо. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сум Бурса хотын Ылдырым дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Цаашид бид Ховд, Увс, Сүхбаатар аймгийг чиглэл чиглэлээр нь өргөжүүлж харилцаа тогтоохоор ажиллаж байна. Энэ мэтчилэн манай хоёр улсын хоорондын харилцаа их эрчимтэй явж байна. Бидний гол анхаарч байгаа зүйл улс төр, хүмүүнлэг, боловсрол, соёлын салбарын харилцаа сайн байгаа учраас одоо эдийн засаг, бизнесийн харилцааг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллана гэсэн зорилготой байна. Манай хоёр улсын хувьд түүхэн харилцаатай төдийгүй бидний түүх 2200 жилийн өмнөөс эхэлдэг. Шинэ цагийн найрамдалт харилцаа бол стратегийн түншлэлийн түвшинд байгаа. Энэ онцлон тодорхойлсон харилцаа нь одоо цагт маш идэвхтэй өрнөж байна.

      Монгол Турк хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсаас тус улсад эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч байна. Мөн хоёр улс багш, оюутан солилцох, боловсролын салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах болон хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллаж эхэлжээ. Туркийн тэтгэлэг нь их дээд сургуулийн чанартай боловсрол, суралцах таатай орчин, соёлын хөтөлбөр гэсэн зүйлүүдийг цогцоор нь шийдсэн дэлхийн хамгийн өргөн хүрээтэй тэтгэлэгт тооцогддог. Мөн түүнчлэн олон улсын оюутнуудад Туркийн хамгийн нэр хүндтэй их дээд сургуульд суралцах, тэтгэлэг авах боломж олгодгоороо давуу юм.

     Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын батлан хамгаалах салбарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Энэ харилцааг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын Цэргийн сургалтын хамтын ажиллагааны протокол, Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протоколыг тус тус үзэглэсэн. Цэргийн сургалтын хамтын ажиллагааны протокол нь хоёр улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг харилцан сургах, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, цэргийн боловсрол, сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна. Харин Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр болон Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протоколын хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, сургалт бэлтгэлийг дэмжих, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм. Эдгээр баримт бичиг нь Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын батлан хамгаалах салбарын түншлэлийг улам гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын аюулгүй байдал, энх тайвны төлөөх хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Батлан Хамгаалахын дэд сайд Д.Баасандамба:

    Сүүлийн 30-аад жилд Монгол Улсын Батлан хамгаалахын салбарт Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалах салбартаа хүний нөөц хамтран бэлтгэх, хамтарсан цэргийн сургалт, дадлага хийх, туршлага солилцох түвшинд явж байсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зэвсэг, техник, технологийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагаагаар нэлээн өргөжиж байна. БНТУ-ын батлан хамгаалах, аж үйлдвэрлэл, цэргийн технологийн хөгжил бол сүүлийн хориод жилд эрчимтэй хөгжиж дэлхийд өрсөлдөх хэмжээнд очсон. Тиймээс бид БНТУ-д цэргийн техник технологи зэвсэглэлийн инженерүүдээ бэлдэх чиглэл дээр нэлээд ахицтай ажиллаж байна. 2025 онд Батлан хамгаалахын сайд болон Жанжин штабын дарга нар Турк улсад айлчилсан бас миний бие саяхан Турк улсад айлчлал хийгээд ирсэн. Мөн БНТУ-ын Үндэсний Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсад айлчилж хоёр орны цэргийн хамтын ажиллагаа, батлан хамгаалах техник, технологийг хөгжүүлэх талаар хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийгээд явсан. Монгол улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо хүрээнд улс орнуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэрэг батлан хамгаалах салбарт итгэлцлийг бэхжүүлэх, Монгол Улсын улс төр , эдийн засаг, нийгэм соёлын харилцаанд цэргийн салбарын оролцоо дэмжлэгийг бэхжүүлэхтэй холбоотой олон ажлуудыг хийж байгаа. БНТУ-ын хөрөнгө оруулалт дэмжлэгтэйгээр бид нар дотооддоо  үндсэн төрлийн буудлагын зэвсгийн сумаа үйлдвэрлэх үйлдвэрлэлээ байгуулаад үйл ажиллагаа маань жигдрээд явж байна. Цаашдаа энэ үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд технологийн өргөтгөл хийж үйлдвэрлэлийг авч явах инженер техникийн ажилтнуудыг бэлдэх зэрэг олон ажлуудыг хийгдээд явж байна. “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих дадлага сургуульд Турк улс төлөөлөгч нараа оролцуулдаг. Мөн Монгол Улсын зэвсэгт хүчин Турк улсын батлан хамгаалах зэвсэгт хүчний хооронд тусгай хүчний болон уулын хамтарсан сургалтуудыг хоёр талд харилцан хийдэг уламжлалтай. Олон улсад гарч байгаа терроризм эмх замбараагүй байдал хямралын үед энэ цэргийн хүчний бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор бас чамгүй харилцан туршлага солилцох арга хэмжээг хийж байна. Турк улс  өөрөө тухайн бүс нутагтаа нэлээн мөргөлдөөний эрчим өндөртэй бүсэд оршдог. Хилийн болон хил орчмын мөргөлдөөн ихтэй. Тийм учраас хямралыг зохицуулах хилийн аюулгүй байдлыг хангах тал дээр нэлээн туршлагатай. Харин манай албан хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын мөргөлдөөний бүсэд ажиллаж хямралыг зохицуулах чиглэлээр туршлага судалсан байдаг. Тиймээс хоёр улсын алба хаагчид харилцан бие биеэсээ туршлага солилцох, хамтарсан сургууль хийх зэрэг давуу талууд их байдаг.

      Монгол Турк хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд нэмэгдэж худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Туркийн талаас радиатор, шарах шүүгээ, чанагч, ус буцалгагч, чихэр чихрэн бүтээгдэхүүн, үнэт эдлэл, жигнэмэг, эмийн бүтээгдэхүүн, живх, шоколад зэргийг голлон Монгол руу экспортолдог. Харин Монголын талаас Турк руу мөнгө, молебдений баяжмал, арьс шир, өлөн гэдэс, ноолууран болон нэхмэл бүтээгдэхүүн экспортолсон байна. Манай хоёр орны хувьд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эдийн засгийн бүрэн боломж бий гэж үздэг. Тэр дундаа арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй болон барилгын салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав хэллээ.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав:

     Монгол-Туркийн эдийн засгийн харилцаа сайн хөгжиж байна. Турк улс сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд болсон цар тахал болон дайны нөхцөл байдалд эдийн засгийнхаа уян хатан байдлыг авч явж чадаж байгаа улс юм. Турк улс бол Азийн улс орнууд дотор их нөлөөтэй улс. Тиймээс манай улсын бизнесүүдэд хамтран ажиллах их том боломж юм.  Турк улс нь барилгын материалын сайн үйлдвэрлэгч. Энэ утгаараа манай улсын аж ахуй нэгжүүд  Туркийн барилгын компаниудтай маш их хамтран ажиллаж байна. Нөгөө талаасаа ХАА-н бүтээгдэхүүн ялангуяа МАА-н салбарын бүтээгдэхүүнийг экспотлох боломжтой юм. Жишээлбэл арьс ширэн бүтээгдэхүүнийг хамгийн сайн боловсруулдаг улсуудын нэг бол Турк шүү дээ. Тэгэхдээ бид нарт арьс ширний түүхий эдийг тус улс руу гаргах боломж бололцоо их байгаа юм. Хамгийн гол нь МАА-н бүтээгдэхүүнээ гаргая гэж ярьдаг боловч бид нарт Монгол дотроо тасралтгүй үйлдвэрлэлийн нөөцийг хангаж чадах тийм логистик бүрдээгүй байна. Нэг удаагийн контейнероор түүхий эд гарах бол маш хялбар, харин үйлдвэрлэлийн эргэлтэд оруулахын тулд 360 хоног тасралтгүй гарах хэрэгтэй болно. Гэтэл бид нарт мах, арьс ширээ гаргах дэд бүтцийн систем байхгүй байна. Үүнийг бид нар дотооддоо хамгийн түрүүнд шийдэх ёстой. Турк улсын эдийн засгийн бас нэг онцлог байдаг. Тэр нь эдийн засгийн хямрал болохоор экспорт хийж байгаа компаниудынхаа тээврийн зардлыг хэсэг хугацаанд төр нь даагаад явдаг. Энэ мэтээр төр хувийн хэвшлийн тоглолт маш сайтай. Ялангуяа тэр хямралын хүнд үед төр нь хувийн хэвшлүүддээ маш сайн тусалдаг. Харин эдийн засаг тогтвортой ашиг өндөр байгаа үед хэн хэн нь харилцан ашигтай байдаг гэх мэт зүйлээс манай улс суралцах хэрэгтэй.

    Монгол Турк хоёр улс нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна. Мөн төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, Европын орнуудаас БНТУ-аар дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судалж байгаа юм. Энэ чиглэлд хамтран ажилласанаар хоёр орны худалдаа эдийн засгийн салбарын харилцаа илүү хурдацтай хөгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.

     Монгол Улсын өнөөгийн нээлттэй, бие даасан гадаад бодлого нь эдийн засгийн төдийгүй хоёр орны бүхий л салбарын харилцаа цаашид хөгжин бэхжихэд таатай хөрс болох үндэстэй гэж судлаачид онцолдог билээ.

Үзсэн: 63

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна