Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалт”


Densmaa 2017-08-29 06:08

Чуулга уулзалтанд 24 оронд сурч ажилладаг оюутнуудын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

      Дэлхийн олон хөгжингүй улс орнуудын нэр хүндтэй их, дээд сургуулиудад Монгол залуучууд олноор суралцах болсон. Тэдний дундаас сурлага хөдөлмөр, нийгмийн идэвх зэргээрээ амжилт гаргаж, эх орноо нэр төртэй сурталчилж буй залуучууд олон бий. 

     “Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалт” Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо саяхан болж өндөрлөлөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээндээ “Хилийн чанадад оршин сууж буй иргэдээ нэгдсэн бүртгэлд хамруулах, дэлхийн топ сургуулиудад Монгол Улсад нэн шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэх, хилийн чанадад боловсрол эзэмшиж байгаа, ажил эрхэлж байгаа залуусыг эх орондоо түр хугацаанд буюу бүрмөсөн суурьшиж ажиллах таатай нөхцөлийг хангахад Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаа. Энэ хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Зөгийн үүр” “Дэлхийн монголчууд” хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай улс уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлж эхлээд олон жил өнгөрсөн ч гадны зөвлөх үйлчилгээ авсаар байна. Цаашдаа гадаадын зөвлөх, мэргэжилтнийг өндөр үнээр авалгүй, хилийн чанадад нарийн мэргэжил эзэмшсэн иргэнээ ажиллуулах нь зүйтэй юм.

Монгол Улсын хөгжлийн бодлого нь “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох, олон улсад өрсөлдөх ур чадвар бүхий монгол хүнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн чадварлаг хүний нөөцийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход чиглэж байна” гэсэн юм.

   Тус чуулга уулзалтын зорилго, үр дүнгийн талаар “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын Оюутан залуучуудын хорооны дарга Б.Энхгэрэлээс тодрууллаа.

     Б.Энхгэрэл: Бид юуг зорьсон бэ гэхээр хилийн чанадад суралцаад хилийн чанаддаа ажиллаж байгаа болон хилийн чанадад суралцаж ирээд монгол эх орондоо оюутнууд хэрхэн ажиллаж, амьдарч байгаа талаар харилцан мэдээлэл солилцохыг зорьсон. Энэ чуулга уулзлтаа яагаад анхдугаар чуулган гэсэн бэ гэхээр дэлхийн тив тивийн 21 улс дахь оюутан залуусын 35 холбоо, төгсөгчдийн 10 гаруй холбоо хамтран оролцсон. Урьд нь нэг бүс нутагт суралцаж, ажиллаж амьдарч байгаа оюутан залуучууд холбоотой ажилладаг байсан бол дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа оюутан залуусын холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаараа онцлогтой боллоо. Энэ чуулганы үр дүнд бид хамтдаа хилийн чанадад суралцаж байгаа оюутнуудынхаа нэгдсэн мэдээллийн санг төр засагтайгаа уялдаа холбоотой ажиллахаар тохирлоо. Цаашид ч бид оюутнуудад тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх арга зам гарцыг хайж, тэдний дуу хоолой байх болно.

     Энэ удаагийн чуулга уулзалтанд ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Австрали, Канад, Англи, Япон, Тайвань, Хонконг, Герман зэрэг 24 оронд сурч ажилладаг оюутнуудын төлөөлөл оролцож, оюутнуудад тулгамдсан олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодол, байр сууриа холбогдох байгууллагынханд илэрхийлсэн юм. Бид Польш дахь Монгол оюутан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн З. Энхмаатай уулзаж, Польш улсад суралцаж байгаа оюутан залуусын талаар асууж, сонирхлоо. 

     З. Энхмаа: Хурлын маань 3 сэдэв болох дипломат төлөөлөгчийн газар болон тэдэнтэй холбоотой асуудал, мэдээллийн сан үүсгэх, мөн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар бид хэлэлцүүлэг хийлээ. Уг хэлэлцүүлэгт Польш дахь оюутнуудад тулгарч байгаа асуудлын талаар танилцуулж, ярилцлаа. Бид хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа Засгийн газарт өргөн барьсан байгаа. Польш улсад албан бус тоогоор 150-200 орчим оюутан суралцаж байна. Хими, биологи, хууль эрх зүй, техник, нийгмийн ухааны чиглэлээр монгол оюутнууд боловсрол эзэмшиж байна. Нэг зүйлийг хэлэхэд, Польш улсад боловсрол эзэмшсэн ихэнх залуус маань эргээд эх орондоо ирж ажилладаг. Энэ нь нэг талаар ихэнх оюутнууд тус улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцдагтай холбоотой юм.

      Монголчууд Хятад, Орос, Солонгос, Япон, Америк зэрэг оронд харьцангуй олноор суралцдаг бөгөөд 60 мянга орчим монгол оюутан хилийн чанадад боловсрол эзэмшиж байна гэсэн албан бус судалгаа бий. Тухайн улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа оюутан залуучуудын холбоодоор дамжуулаад тухайн оронд суралцаж байгаа иргэд болон оюутнуудын нэгдсэн мэдээллийг үүсгэн Гадаад харилцааны яаман дээр төвлөрүүлдэг байхаар чуулганд оролцогчид хэлж байлаа.

     “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын Оюутан залуучуудын хорооны дарга Б.Энхгэрэл: 

   - Хилийн чанадад суралцаж байгаа оюутнуудын талаар яг нарийн гаргасан судалгаа одоогоор байхгүй байна. Төрийн бус байгууллагуудын гаргасан судалгаагаанаас харвал 60 мянга орчим гэсэн тоо байна. ТББ болон оюутнуудын холбоо яаж мэдээлэл цуглуулдаг вэ гэхээр тухайн газрынхаа цагаачлалын албанаас мэдээлэл авдаг. Зарим улс орны энэхүү алба энэ талаарх тоо баримтыг өгдөггүй. Ерөнхийдөө 60 мянга орчим гэсэн ийм барагцаалсан тоо байна. Манай улсын ГХЯ, БСШУСЯ, консулын газруудад энэ тоо мөн нарийн байхгүй, албан бус тоо баримтаар явж байна. Мэдээллийн сан үүсгэх асуудал нь зөвхөн Монголд хийгдэх гэж байгаа шинэ ажил биш юм. БНХАУ, Зүүн хойд Азийн хөгжилтэй орнууд Энэтхэг, АНУ-д харь оронд очиж академик боловсрол эзэмшиж байгаа өөрсдийнхөө оюутан залуусыг мэдээллийн санд бүртгэлжүүлээд, эргээд эх орондоо том бүтээн байгуулалт хийх, ямар нэг хэрэгцээ шаардлага гарахад залуусыгаа эх орондоо дууддаг, эргэх холбоотой системтэй ажилладаг. Энэ л жишгийг бид нэвтрүүлэхийг зорьж байгаа юм. Сүүлийн жилүүдэд харь оронд суралцах, ажиллахаар явж байгаа монгол залуусын тоо нэмэгдсээр байна. Гадаад улсад 120 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Заримдаа энэ тоо 200 мянга гаруй гэж хол зөрүүтэй яригддаг. Эдгээр хүмүүс нь 18-50 насны ид ажиллах хүчин болсон залуус байдаг. Тэгэхээр энэ ажиллах боловсон хүчнээ, өндөр мэдлэг боловсролтой залуусаа эх орондоо ажиллах нөхцөл бололцоогоор хангахын тулд төр засаг болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй гэсэн санал санаачилгыг бид дэвшүүлээд байгаа юм.

        “Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвийн хүрээнд 3 өдөр болсон тус чуулга уулзалтын Ерөнхий зохион байгуулагчаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын Оюутан Залуучуудын Хороо, албан ёсны дэмжигч байгууллагаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам нар хамтран ажиллажээ.

Үзсэн: 1460

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна