Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний үеэр хоёр асуудал ярина


Densmaa 2018-06-12 03:06

НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцоно.

   Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал ирэх пүрэв, баасан гарагт Улаанбаатар хотод болно. Монгол Улсын Ерөнхийлөгч бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, итгэлцлийг бататгах, улмаар аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх санаачилга гаргасан. Энэ хүрээнд анх эрдэмтэн, судлаачид чуулан санал солилцож байсан юм. 2017 оноос шат ахиж, бүс нутгийн улсуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч байгууллагуудын албаны төлөөлөл, мэргэжилтнүүд оролцдог болоод байна. Тус хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна. АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон Улсын мэргэжилтэн, судлаачид болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцоно. Тавдугаар хуралдаанаар 2025 он хүртэлх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт ба боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэх гэж байгаараа онцлог юм. Хурлын хэлэлцүүлгийг үндсэн хоёр асуудлаар өрнүүлнэ. Харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх замаар бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэтийн төлөв: Сорилт ба боломж, 2025 он хүртэлх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин: эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв, байгаль орчин, хүмүүнлэгийн тусламжийн салбарт хамтын ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Үзсэн: 1130

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна