Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Нэрт академич Цэндийн Дамдинсүрэнгийн 110 жилийн ой тохиож байна


Densmaa 2018-10-23 04:10

Орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн, орчуулагч, нэрт зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн амьдрал, түүний уран бүтээл нь тэр чигээрээ домог, монголын уран зохиолын хөгжлийн түүх юм

    Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ойд зориулж Залуу монголч эрдэмтэн, судлаачдын “Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, уран бүтээл” сэдэвт дугуй ширээний ярилцлага Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд болов.

    Уулзалтыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа “…Монголын шинэ үеийн утга зохиолын томоохон төлөөлөгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, эрдэмтэн, орчуулагч, нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэнгийн амьдрал, түүний уран бүтээл нь тэр чигээрээ домог, монголын утга зохиолын хөгжлийн түүх юм” гэж онцлон тэмдэглэв.

    Энэ жил Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн 110 жилийн ой тохиож байна. Энэ ойг Монголын ард түмэн төдийгүй Оросын Монгол судлаачид, өргөн олон түмэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Элчин сайд Монгол судлаач, залуу эрдэмтэн, монгол хэл суралцаж буй оюутан Та бүхэнтэй эрдэм шинжилгээ, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно гээд залуу судлаачдын эрдмийн ажилд амжилт хүсэв.

  Нэрт академич Цэндийн Дамдинсүрэнгийн охин, Оросын Хүмүүнлэгийн улсын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Анна Цендина ярианыхаа эхэнд энэхүү арга хэмжээг санаачлан дэмжиж, зохион байгуулж байгаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны хамт олонд талархал илэрхийлээд аавынхаа удам угсаа, бага нас, зан чанар болон эрдмийн мөр хөөхөд нөлөөлсөн хүчин зүйлсийн тухай ярив. Тэрбээр “… Аав маань уран зохиолын хувьд гэхэд л хэд хэдэн төрлөөр бүтээлээ туурвидаг байсан. Дээр нь эрдэм судлалын талаар нь ярина гэвэл нэг дор аавын бүтээлийн тухай ярихад хэцүү. Тиймээс би энэ удаа түүний бидэнд үлдээсэн бүтээлийн өв дээр тогтон ярихыг хүсч байна” гээд Цэндийн Дамдинсүрэнгийн бүтээлийн үнэ цэнэ, өвийн талаар эрдэмтэн, судлаачийн хувьд өөрийн үнэлэлт, дүгнэлт, байр сууриа илэрхийлэв.

Үзсэн: 843

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна