Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Бид илүү эрхийг хүсээгүй


Densmaa 2019-03-07 12:03

Улс төр гэлтгүй нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн эрхийн квотыг нэмэгдүүлэх ялангуяа шийдвэр гаргах түвшинд үүрэг оролцоог нь хангах тал дээр бид хатуу байр суурьтайгаар хандана

       Жил бүрийн З-р сарын 8-ны өдрийг дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүдийнхээ эрхийг хүндэтгэж, ээж нарынхаа үг сургаалийг нь сонсож цаашид охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө юу хийхээ төлөвлөдөг гэгээн өдөр билээ. Монголчууд,

      Алган дээрээ бөмбөрүүлсэн,

      Айлын хооронд дүүрсэн,

      Азай буурал ээжийнхээ,

    Ачийг нь яаж хариулна даа гэж дуулдаг. Энэ дэлхийд хүн болж төрүүлсэн эхийнхээ ач ивээлийг Монгол хүүхдүүд бага балчраасаа эхлэн мэдэрч, эхийнхээ ачийг хэрхэн хариулах вэ гэж цаг ямагт санаж, сэрж явдаг аа. Монгол хүүхэд эцгээсээ илүү ээждээ ойрхон өсдөг. Тэд мэдэхгүйгээ ээжээсээ асууж, зөвлөж, бусдад хэлэхгүй үгээ ч ээждээ дуулгаж хүйн холбоотой амьдардаг. Иймдээ ч монголчууд ээжийгээ насан туршдаа асарч, халамжилж явдаг. Монголчуудын бүтээсэн дуу хуурын ихэнх хувийг ээжийн ачлал хайрын тухай дуу эзэлдэг гэвэл та үнэмших үү. Монгол хүнд эх хүн ийм л хүндтэй.Түүгээр ч үл барам, Монгол хүн байгаль, ан амьтан, шавьж хорхойг хүртэл эхийн сэтгэлээр хайрлаж, хамгаалж ирсэн уламжлалтай. Тиймдээ ч бид цэнхэр гарагаа “дэлхий ээж” хэмээн өргөмжилдөг юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр та бүхнийгээ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч  Оюунгэрэлтэй уулзаж тодруулга авлаа. Тэрээр "Монголын дуу хоолой радиог сонсож байгаа та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага энэ өдөр төрийнхөө ордонд Ерөнхий сайдынхаа ивээл дор “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” уриан дор үндэснийхээ чуулганыг хийж байна. Чуулганд Монгол улсын өнцөг булан бүрээс эмэгтэйчүүдийн төлөөлөл болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн 100 гаруй байгууллагын гишүүд оролцож байна. Бид чуулганаараа эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үүрэг оролцоог тодорхойлохоос гадна, хүчирхийллийн эсрэг тэмцэхэд эмэгтэйчүүдийн байгууллагаас явуулах бодлого мөн  нийгэмд гүйцэтгэх эмэгтэйчүүдийн манлайлалыг нэмэгдүүлэх гэсэн олон асуудлыг авч хэлэлцэнэ.  Аливаа улс орны суурь суурь нь гэр бүл байдаг. Гэр бүл хэдий чинээ бөх бат байна улс орон төдий чинээ хүчирхэг болно. Гэр бүл эмзэг болоход түүнийг дагасан хүчирхийлэл, ажилгүйдэл ядуурал, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд олон муу үр дагавар гардаг" гэлээ.

     Дэлхий нийт даяаршиж байгаатай зэрэгцэн эмэгтэйчүүдийн эрх, үүргийн талаарх үзэл хандлага жилээс жилд өөрчлөгдөж байна. Эмэгтэйчүүдийг хүндлэх монголчуудын уламжлалт арга зүй, ёс заншилдаа тулгуурласан хууль гаргах, дагаж мөрдөх, төрд гүйцэтгэх хийгээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэж, тэдний эрхийг хангасан нийтлэл нэвтрүүлгүүдийн тоог нэмэгдүүлэх, тэдний үр хүүхдээ өсгөн бойжуулахад нь төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх, төр болон хувийн хэвшилд ажиллах нийт ажлын жилийг багасгах зэрэг нийгмийн чанартай олон арга хэмжээг төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн хүний наймаа болон хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс өсвөр насны охид бүсгүйчүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг Монголын төр, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хийж, хэрэгжүүлж байна. Эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч  Оюунгэрэл ингэж ярьсан юм. "Монголын эмэгтэйчүүдийн байгууллага 95 жилийн түүхтэй байгууллага. Түүхээ эргэн харахад манай эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг манлайлагчийн түвшинд явж иржээ. Хүн ардаа бичиг үсэгт сургах, бусад соён гэгээрүүлэх ажилд тэргүүлж явсан шигээ энэ цаг үед ч мөн манлайлагч байр сууриа улам бэхжүүлж улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой гэж үзэж байна. Нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо их бий. Үр хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх бэ, ялангуяа охидоо ирээдүйн ээж, хүний халамжтай хань болгох вэ, хөвгүүдээ яаж зөв хүн сайн аав болгон өсгөн хүмүүжүүлэх вэ гээд ярих сэдвээр баялаг байна. Хүчирхийлэгч гэр бүл биш хүндтэй хүмүүжилтэй гэр бүлийн төлөө монголын эмэгтэйчүүдийн байгууллага, нийт эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэнэ ажиллана".

     Жил бүрийн 3-р сарын 8-ны өдрийг монголчууд эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах талаар хийж хэрэгжүүлсэн цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцэж, эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар дуу хоолойгоо хүргэдэг. Мөн гэр бүл, байгууллага хамт олны хэмжээнд эмээгээ, ээжийгээ, эгчийгээ, охин дүүгээ, ханиа, охин үрээ, хамт ажилладаг бүсгүйчүүдээ баярлуулж үзвэр үзэх, бэлэг өгөх, зоог барих, аялан зугаалах гээд хайр хүндэтгэлийн олон арга хэмжээг зохион байгуулдаг. Залуус хайртай бүсгүйдээ сэтгэлээ илэрхийлж, баглаа цэцгээр бэлэг барьдаг заншилтай. Иймдээ ч  3-р сарын 8-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг юм.

    Монгол Улс Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох” эрхэм зорилго тавьсан. Монгол оронд эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж улс орондоо хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг бүрэн цогцлооход эмэгтэйчүүд түлхүү байр суурьтай байж гэмээ нь сая энэ зорилтдоо хүрнэ гэж Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд үзсээр байна. "Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн асуудал гэсэн НҮБ-аас гаргасан томоохон зорилт бий. 2030 он хүртэлх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилт нь анхнаасаа дэлхий нийтийн эмэгтэйчүүдийн асуудал дээр суурилагдсан байдаг. Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг нь өөрөө нэг хүний асуудал биш нэг улс орны асуудал ч биш нийт хүн төрөлхтний асуудал тул эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх, эрх ашгийг нь хамгаалах нь тухайн улс орны номер нэг зорилт болон хувираад байгаа. Дэлхий нийтээс гаргасан зорилт, зөвлөмжүүдэд тухайн улс орны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нь 50 хүртэлх хувь, түүнээс багагүй байна гэж заасан байгаа. Бид илүү эрхийг хүсээгүй гэж бий. Цаашид улс төр гэлтгүй нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн эрхийн квотыг нэмэгдүүлэх ялангуяа шийдвэр гаргах түвшинд үүрэг оролцоог нь хангах тал дээр бид хатуу байр суурьтайгаар хандана гэж үзэж байгаа. Бид илүү эрхийг хүсээгүй ижил эрхтэй байхыг шаардах болно".

    Эхчүүд, эмэгтэйчүүдээ эрхэмлэн хүндэлдэг энэ өдөр эрхэм сонсогч та хорвоод тээж, төрүүлж, өдий зэрэгт хүргэсэн ачлалт ээжийнхээ амар мэндийг асууж, баярлуулаарай.

Үзсэн: 961

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна