Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын дарга Швейцарийн Холбооны Улсад айлчилж байна


Densmaa 2019-03-13 10:03

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

     УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалын эхний өдрөө Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн ёслолд оролцлоо.

Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти хэлсэн үгэндээ дипломат харилцааны 55 жилийн ойн ёслолд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар анхны гадаад айлчлалаа Швейцарийн Холбооны Улсаас эхэлж буйд баяртай байна гэв. Тэрбээр 7000 гаруй км алс зайд, хоёр өөр тивд оршдог, түүх соёл, ёс заншлын хувьд өөрийн гэсэн онцлогтой манай хоёр үндэстнийг өнгөц харахад нэлээд ялгаатай мэт харагдах ч нийт газар нутгийн гуравны нэг нь уулархаг, үзэсгэлэнт байгальтай, ард түмэн нь эх болсон нутаг газраа чин сэтгэлээсээ хайрладаг, өв соёлоо дээдэлдэг гээд олон зүйлээр бид ижил төстэй билээ. Миний хувьд ирэх 6 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх болно. Энэ үеэр сэтгэлийг минь татсаар байгаа Монгол оронтой илүү ойр танилцах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн харилцаагаа илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд айлчлал маань чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна хэмээн онцоллоо.

Хатагтай Марина Кароббио Гүшетти хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бидний зүгээс техникийн туслалцаа үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна  туршлага мэдлэгээ харилцан хуваалцах нь ойрын үеийн чухал зорилт байх болно. Түүнчлэн монгол иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн зэрэг салбарт хамтран ажиллахыг бид сонирхож байна гэв. Тэрбээр аялал жуулчлал бидний хувьд ихээхэн ирээдүйтэй салбар гэдгийг Монголд айлчилж буй швейцарь жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буйгаас харж болно гэдгийг тэмдэглэлээ.“Бид тавин таван жилийн турш найрсаг харилцаатай явж иржээ. Өнөөдөр бид ойг нь тэмдэглэж байна. Энэ бол эцсийн цэг биш. Үүнээс цааш цоо шинэ шатанд гарах ёстой. Энэ нь хоёр ард түмний эрх ашигт бүрнээ нийцнэ” гэж тэрбээр онцолсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Швейцарийн Холбооны Улстай тогтоосон харилцаагаа боломжтой бүхий л салбарт хөгжүүлж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын харилцааг шинэ түвшинд хүргэж, Швейцарийн дэвшилт технологийг нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байна хэмээн тэмдэглэлээ.

Айлчлалын үеэр хоёр орны хууль тогтоох байгууллагын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, манай төлөөлөгчид Швейцарийн парламентын хуралдааны дэгийн туршлагатай танилцахаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Ханс Штөкли болон Гадаад хэрэг, Сангийн яамны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцах юм.

Үзсэн: 1094

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна