Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

ЭСЯ, Консулын газраа нээнэ


Densmaa 2019-10-16 11:10

Манжуур нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог.

    УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод Элчин сайдын яам, БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээх тогтоол батлав. АНЭУ нь Монголд 2016 онд Элчин сайдын яамаа нээсэн. Манай улс АНЭУ-д Элчин сайдын яам нээснээр Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай холбоо тогтоох боломж бүрдэх аж. АНЭУ нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох бүрэн боломжтой хэмээн Засгийн газар үзжээ.

     Беларусь Улс нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтын тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн орон юм. Тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, логистикийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо Монгол Улсад бий. Энэ хүрээнд Беларусийн уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн болон барилгын салбарын машин механизмыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Беларусь улсад Элчин сайдын яамтай болсноор хил, гааль, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

     Манжуур нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог. 2018 онд давхардсан тоогоор 250 мянга иргэн Манжуурт зорчсон байна. Тиймээс БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг нээснээр тус хот болон дээрх боомтоор зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой болно хэмээн байна.

Үзсэн: 914

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна